ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээр бичиг баримтаа хүргүүлээд байсан сэтгүүлч Екатерина Дунцоваг төрийн тэргүүний сунгаанд өрсөлдөх эрхгүй гэж үзсэнээ холбогдох албанаас мэдэгджээ. Учир нь сонгуулийн төв комиссын гишүүд Дунцовагийн илгээсэн бичиг баримтад “Алдаа гарсан” гэж үзэж, бүртгэхээс татгалзсан байна.
Ирэх оны 3-р сарын 17-ны өдөр болох санал хураалтад одоогийн төрийн тэргүүн В.Путин ялах нь гарцаагүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч ОХУ-ын сонгуулийн төв комиссын бүх гишүүн сэтгүүлч Екатерина Пунцоваг нэр дэвшигчээр бүртгэхээс санал нэгтэйгээр татгалзсаныг комиссын дарга Элла Памфилова хэвлэлд ярьсан байна.
Сэтгүүлч Дунцова нь Украины дайныг зогсоож, улс төрийн хоригдлуудыг суллах уриатайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж байсан юм. Харин Е.Дунцоваг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хориглосон шийдвэр нь В.Путины хөрш Украин улс руу цэргээ илгээх шийдвэрийг шүүмжилсэн, түүний засаглалын эсрэг зогссон хүн бүрийн үг, үйлдлийг хязгаарлах, намнах механизм бүрэн утгаараа ажиллаж байгааг илэрхийлсэн үйл явдал болсныг Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Судалгаагаар ОХУ-ын иргэдийн 80 орчим хувь нь В.Путины засаглалд сэтгэл хангалуун буюу нийгэм даяараа түүнд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байгаа тухай Кремлээс мэдээлсэн юм. Оросын дотоодын эх сурвалжуудын мэдээлснээр Кремлийн тэргүүний сунгаанд 29 хүн өрсөлдөхөөр мэдүүлгээ сонгуулийн комисст хүргүүлээд байна. Харин сонгуулийн төв комисс эдгээр горилогчдын дундаас зөвхөн В.Путиныг бүртгэж, албан ёсоор ирэх хавар болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийг олгоод байна.
Өдгөө 40 настай сэтгүүлч Дунцова сонгуулийн төв комиссын шийдвэр нь хуулийн дагуу юм бол ОХУ-д шударга ёс, ардчилсан нийгмийн хэлтэрхий ч үлдээгүй гэж ойлгож болохыг хэвлэлд ярьжээ. Мөн тэрбээр айдас дээр боссон эрүүл нийгэм гэж байдаггүй төдийгүй айдас ялах ёсгүй гэдгийг сонгогчдод хандаж мэдэгдсэн байна.