Шатахуун түгээх станцын гадаа иргэд олон цагаар дараалал үүсгэн зогсож 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд иргэд бензин дамлаж зарах үйлдэл гаргаж байна. Тухайлбал, 10 литр бензинийг 70 мянган төгрөгөөр зарж, 10 мянган төгрөгөөр хүргэлт хийж нийт 80 мянган төгрөгөөр иргэдэд худалдаалж байна. Түүнчлэн шатахуун түгээх станцын гадаа оочер зарна, хаагуур бензин, түлшний түгээлт хийгдэж байгааг төлбөртэй хэлнэ гэх зэрэг шатахуунтай холбоотой олон асуудлууд үүсээд байна.
Бензин, түлш олдохгүй байгаагаас шалтгаалж иргэд ийнхүү шаглан зарж нэгэндээ санхүүгийн дарамт үзүүлж байна. Нэг үеэ бодвол зарим шатахуун түгээх станцуудын гадаах оочер дараалал багассан боловч зарим иргэд бензин их хэмжээгээр нөөцлөн зах зээлийн үнээс хэд дахин өндрөөр шаглан зарж байгаа нь эргээд шатахууны хомстолд хүргэх нэг шалтгаан болж байгааг иргэд хэлж байна.
Харин албаныхны зүгээс бензин, түлшний татан авалт хэвийн үргэлжилж байгааг хэлсээр байгаа. Гол нь өнгөрсөн 10-р сард ОХУ-аас орж ирэх шатахуун 21 хоногийн хугацаанд саатсан. Үүнээс шалтгаалж бензин, түлш хомстсон боловч татан авалт эргэн хэвийн болсон гэсэн юм. Мөн ашигт малтмал, газрын тосны газар өмнөх жилүүдтэй харьцуулахад 1.5 дахин их вагон шатахуун зах зээлд нийлүүлэгдэж байгаа талаар мэдээлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт манай улсын салбарын төлөөллүүд ОХУ-тай уулзалт хийж ирэх онд шатахууны хангамжийг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн. Мөн тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхээ холбогдох байгууллагаас мэдээлж байсан юм.