ОХУ Монголд нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ 200 мегаватаар бууруулж, хязгаарлалт хийхээр болсноо саяхан мэдэгдсэн. Үүнээс шалтгаалж тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг хийж эхлээд байна. Ингэхдээ иргэдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд цахилгаан хязгаарлаж байгаа нь иргэд болон албан, байгууллагуудад олон асуудлыг үүсгэж байна.
Сүүлийн өдрүүдэд хийгдэж буй цахилгааны хязгаарлалтыг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх боломжгүй байгааг холбогдох байгууллагаас нь мэдээллээ. Тодруулбал, оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтыг урьдчилан мэдэгдэх боломж, цаг хугацаа үүсэхгүй байна гэсэн юм.
Эрчим хүчний хязгаарлалтыг оргил ачааллын цагуудад буюу 17-22 цагийн хооронд хэсэгчилсэн байдлаар хийгдэж байгаа юм. Ингэхдээ нэг хэрэглэгчийг нэг цагаас илүү хязгаарлахгүй байна. Мөн цахилгаан хязгаарлаж байгаа энэ нөхцөл байдал нь өвлийн турш үргэлжлэх байх гэдгийг холбогдох байгууллагаас мэдээллээ.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд улсаараа харанхуй болох эрсдэл байгааг ярьсаар ирсэн. Гэтэл өнөөдөр бид цахилгаанаа хэсэгчлэн хязгаарлуулж байна. Үүний гол шалтгаан нь дулааны цахилгаан станцын томоохон үйлдвэр шинээр байгаагүйтэй холбоотой юм.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, бөөрөлжүүтийн цахилгаан станц ирэх онуудад ашиглалтад орно гэж байгаа боловч одоо үүсээд байгаа эрчим хүчний салбарын ачааллыг багахан хэмжээгээр л бууруулах тооцоо байгаа. Тиймээс 1000 мвт-аас дээш хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг хурдан хугацаанд барьж байгуулах хэрэгтэйг салбарынхан зөвлөж байна.