Өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр Хөгжлийн банкны "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулж байгаатай холбогдуулан өрийн дэвтэрт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийсэн юм. Одоогийн байдлаар Монгол улсын Засгийн газар 2021-2023 оны хооронд нийт 13.3 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна.
Монгол улсын Хөгжлийн банк нь 2013 онд засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30 тэрбум иений “Самурай” бондыг Япон улсын зах зээлд хаалттай хэлбэрээр арилжаалсан. Энэхүү бондын эргэн төлөлтийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан талаар холбогдох албаныхан мэдээллээ. “Самурай” бондын эх үүсвэрээр Буянт ухаа хорооллын төсөл, Хөтөлийн цементийн үйлдвэрийг өргөтгөх, зэрэг томоохон зургаан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ. Мөн Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлсөн байна.
Монгол улсын Хөгжлийн банк нь 2023 оны 12-р сарын байдлаар нийт 1.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хангуулж сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 1.1 тэрбум ам.долларын гадаад өрийг хугацаанд нь амжилттай төлж барагдуулжээ. Мөн одоогийн байдлаар гурван томоохон зээл болох “Бэрэн групп” ХХК, “Эрэл” ХХК, "Хөтөл” ХХК эргэн төлөлтөө хийчихвэл нийт чанаргүй зээлийн 75 хувийг шийдэгдэнэ. Уг асуудалд зохицуулалт хийхээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна.
Цар тахлын оргил үед Монгол улсын эдийн засаг -4.7 хувьтай байсан бол 2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5220 америк долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байгааг Монгол улсын Ерөнхий сайд онцолж байна.