ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин харилцан гал зогсоох яриа хэлэлцээг ихэд сонирхож байна гэж Нью-Йорк Таймс сонинд нийтэлжээ

Нью-Йорк Таймс сонин ОХУ-д төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс болон АНУ-ын эрх баригчдаас эш татсан нэгэн сонирхолтой нийтлэл гарчээ. Уг нийтлэлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд гал зогсооход бэлэн гэдгээ өнгөрсөн 9-р сараас хойш зуучлагчдаараа дамжуулан дохио өгч байгаа тухай бичсэн байна.

В.Путин санаа зорилгоо АНУ болон ОХУ-тай нь найрсаг харилцаатай улс орнуудаар дамжуулан илгээсэн хэмээн уг нийтлэлд бичжээ. В.Путин Украины бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлж, Киевийг нийслэл хотоор нь үлдээх бодолтой байгаа ч дайн эхэлснээс хойш хяналтдаа оруулсан украины газар нутгийг ОХУ-д нэгтгэх хүсэлтэй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

Дээрх төлөвлөгөөг Украин болон Өрнөдийнхөн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд В.Путин ойрын хугацаанд энхийн хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгааг Нью-Йорк Таймс сонинд нийтэлсэн байна. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський эзлэн түрэмгийлэгчдэд алдсан газар нутгаа эргүүлэн авах хүртэл дайныг зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден В.Путины санаа зорилгыг эрт ойлгосон төдийгүй энэ нь түүний өмнө нь хэлж байсан санаагаа гүйцэлдүүлэх гэсэн башир арга байж магадгүй гэж үзжээ.

Ямартай ч В.Путин буулт хийх талаар бодож эхэлсэн байж болзошгүй байна эсвэл хугацаа авч, ахин хүчээ сэлбэх хүсэл эрмэлзэлтэй байж магадгүй байна гэж шинжээчид таамаглаж байна.