Мягмар гарагт Украины арми Крымын хойгт агаарын цохилт өгч, Оросын тэнгисийн цэргийн хүчний танк, хуягт машин зэрэг хүнд техник хэрэгсэл тээвэрлэдэг байлдааны хөлөг онгоцыг устгасан гэж мэдэгджээ. Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Украины агаарын довтолгоонд "Новочеркаск" байлдааны хөлөг онгоц оногдсон хэдий ч устаагүй, харин эвдрэл гэмтэл авсныг хэмээн хариу мэдэгджээ.
Ийнхүү долоо хоног хүрэхгүй хугацаанд Украины арми гурван ч удаа Оросын цэргийн техник хэрэгсэлд томоохон хохирол учруулаад амжлаа. Украины агаарын цэргийн хүчний командлагч Микола Олещук 2014 онд ОХУ-ын зэвсэгт хүчний хууль бусаар нэгтгэсэн Крымийн хойгийн Феодосия боомтод байрлах “Новочеркаск” хэмээх томоохон Десантын хөлөг онгоцыг устгахад оролцсон бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн бол Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын байлдааны хөлөг онгоцнуудад идэвхтэй цохилт өгч байгаа цэрэг армийн алба хаагчдадаа баяр хүргэсэн байна.
Өрнөдийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Украины талын тайлбарыг бие даан нягтлах боломжгүй байгаа ч цахим орчинд нийтлэгдсэн дүрс бичлэгт Феодосия боомтод томоохон дэлбэрэлтүүд ээлж дараалан болж байгааг харуулжээ. ОХУ-ын Засгийн газраас томилогдсон Крымын тэргүүн Сергей Аксёнов Феодосия боомтод дайсагнагч тал агаарын цохилт өгснийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлбэрэлт болсны дараа галыг унтрааж, шуурхай хариу арга хэмжээ авснаа мэдэгдсэн байна. Мөн агаарын цохилт нэг хүний аминд хүрч, хоёр хүнийг хүндээр шархдуулсныг ч уламжилжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хар тэнгист үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хангалттай мэдээллийг Батлан хамгаалах яамнаасаа авлаа хэмээн Кремлээс мэдэгджээ.
Новочеркаск болон Ропуча зэрэг байлдааны хөлөг онгоцнууд нь 112 метр урт, 3450 тонн жинтэй бөгөөд АНУ-ын тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоцтой ижил хэмжээтэй, ижил хүчин чадалтай гэж Пентагоны тайланд дурджээ. Мөн "Новочеркаск" хөлөг онгоц нь 80-240 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүчнийг багтаадаг бөгөөд 25 хүртэлх тооны танк, хуягт машинуудыг тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Украйны командлагч Олещук тус хөлөг онгоц нь Иранд үйлдвэрлэсэн Шахед дроныг зөөвөрлөж явсныг мэдээлжээ. Мөн тэрбээр 2022 оны 4-р сараас хойш агаарын цохилтод бэлтгэснээ онцлон мэдэгдсэн байна.