Ослын уршгаар эргийн хамгаалалтын онгоцны багийн таван гишүүн амь үрэгдсэн бол иргэний агаарын тээврийн онгоцонд зорчиж явсан зорчигчид, нислэгийн багийн гишүүд бүгд үхлийн аюулаас аврагджээ

Мягмар гарагт Японы нийслэл Токио хотын Ханеда нисэх онгоцны буудлын зурваст “Japan Airlines” авиа компанийн онгоц газардах үедээ эргийн хамгаалалтын албаны нисэх онгоцтой мөргөлдсөнөөр гал ноцож, томоохон хэмжээний осол гарсан байна. Ослын уршгаар эргийн хамгаалалтын онгоцны багийн таван гишүүн амь үрэгдсэн бол иргэний агаарын тээврийн онгоцонд зорчиж явсан зорчигчид, нислэгийн багийн гишүүд бүгд үхлийн аюулаас аврагджээ.

516-р нислэгийн Airbus A350-900 зорчигч тээврийн онгоц, газар хөдлөлтөд нэрвэгдсэн Ното хойгт тусламж хүргэхээр хөөрөх гэж байсан эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөний дараа гал ноцож, шатаж эхэлсэн байна. Нисгэгчид шатаж байгаа онгоцыг амжилттай зогсоосны дараа онгоцонд байсан 379 зорчигч, үүн дотор найман хүүхэд, мөн нислэгийн багийн 12 гишүүн аюулгүйн гарц нээгдмэгц хийлдэг гулсуур луу үсэрч, утаа, угаараар дүүрсэн бүхээгээс амь гарч байгаа нь дүрс бичлэгт буужээ. 

Удалгүй онгоц бүхэлдээ шатаж, бүхээгийн цонхоор галын  дөл гарч эхэлсэн байна. Токио хотын гал түймэртэй тэмцэх албанаас зорчигч тээврийн онгоцноос нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн 14 нь хөнгөн гэмтэл авсныг мэдээлжээ. Харин хөөрөхөөр бэлтгэж байсан эргийн хамгаалалтын онгоцон дахь зургаан хүний тав нь ослын уршгаар амь үрэгдсэн бол онгоцны ахмад хүндээр шархадсан ч амь гарч чадсан байна.

Тэгвэл хөндлөнгийн шинжээчид Японы Ханеда нисэх онгоцны буудалд гарсан ослоос нийт зорчигчид амьд гарсан явдлыг ер бусын явдал гэж тайлбарлаж байна. Шинжээчид Японы нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн өөгүй, үр дүнтэй, мэргэшсэн ур чадварын ачаар аврах ажиллагааг богино хугацаанд амжилттай гүйцэтгэснийг сайшааж байна.

Осол гарсны дараа Японы нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд зорчигчдыг айж тэвдэлгүй аюулгүйн гарц руу ээлж дараагаар ойртож, гар тээш бусад эд зүйлээ орхин, гал бүхээгийн хэсэгт нэвтрэхээс өмнө хийлдэг гудас руу үсрэхийг зөвлөсөн байна. Онгоцны багийн гишүүд мэргэжилтнүүдийн зөвлөмжийг ягштал даган биелүүлж, зорчигчдыг удирдан чиглүүлснээр гал онгоцны бүхээгт нэвтрэхээс 60 секундийн өмнө тэднийг амжилттай нүүлгэн шилжүүлж чадсан байна.

Японы аюулгүй байдлын стандартын дагуу онгоцны ослын үед зорчигчийг 90 секундийн дотор нүүлгэн шилжүүлэх ёстой байдаг ч Мягмар гарагт болсон энэхүү томоохон хэмжээний ослын үед стандарт баримтална гэдэг боломжгүй зүйл гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Харин Японы нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсан нь бусад улс орнуудад томоохон үлгэр жишээ болсон төдийгүй айж тэвдсэн 360 гаруй зорчигчийн амийг аварна гэдэг үнэхээр гайхамшигтай үйл явдал болсон төдийгүй японы нисэхийн аюулгүй байдлын албанд мэргэшсэн, өндөр чадвартай ажилтнууд ажиллаж байгаа харуулсан  явдал болсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.