Украины дайн эхэлснээс хойш БНХАУ-аас ОХУ руу нийлүүлж байгаа нэн чухал ангиллын дэвшилтэт машин, техник хэрэгслийн хэмжээ бараг арав дахин нэмэгджээ. Хятад улсын нийлүүлэгчид зэр зэвсгийн үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг өндөр нарийвчлалтай "Компьютерын тоон хяналтын" төхөөрөмжүүдийг оросын төрийн өмчит зэвсгийн компаниудад илгээж байгаа юм байна.
Олон төрлийн металл тээрэмдэх зориулалттай тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хоёр улсын худалдах, худалдан авах бараа материалын жагсаалтын эхэнд бичигдсээр байна. Украины холбоотнууд ОХУ руу дэвшилтэт тоног төхөөрөмж экспортолж буй аж ахуйн нэгжүүдэд хориг тавьж, Москвагийн зэвсгийн үйлдвэрлэлийг таслан зогсоох асуудалд анхаарал хандуулж байгаа ч үр дүнд хүрч байгаа эсэхийг баталгаажуулахад хараахан учир дутагдалтай байна. ОХУ-ын гаалийн удирдах газрын тайланд дурдсанаар бол зөвхөн өнгөрсөн 7-р сард хятадын үйлдвэрлэгчид 68 сая америк.долларын өртөг бүхий сnс төрлийн машинуудыг хүргэжээ. Уг тоо 2022 оны 2-р сард Украины дайн эхлэхээс өмнө ердөө 6 сая америк.долларт эргэлдэж байсан юм.
Ийнхүү дэвшилтэт технологийн машин техник хэрэгслийн экспортын хэмжээ нэмэгдсэн нь хятад, орос хоёр улс цэрэг-аж үйлдвэрийн түншлэлийн харилцаагаа хэрхэн гүнзгийрүүлж байгаагийн нэг жишээ юм. Өрнөдийн хориг арга хэмжээ нь АНУ, Европын технологийн салбарын аж ахуйн нэгжүүдийг ОХУ-аас нүүрээ буруулахад хүргэсэн бол улаан талбайн хоосон орон зайг Хятадын аж ахуйн нэгжүүд эзэлж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москва руу үхлийн аюул дагуулах зэвсэг нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, хөрш улсынхаа дайны хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхгүйгээ онцолж байсан юм. Гэвч дайн эхэлснээс хойш оросын хямд үнэтэй газрын тос, нүүрс, байгалийн хийг Бээжингийн тал нөөцөө дүүртэл худалдаж авсан тул өдгөө оросын зарим ачаа тээврийн хөлөг онгоцнууд ачаагаа буулгах газар олдохгүй, өмнөд Хятадын тэнгист ээлжээ хүлээн эргэлдэж байна.
Берлин дэх ОХУ-ын Евразийн “Карнеги “ хэмээх төвийн захирал Александр Габуев Орос-Хятадын худалдааны эргэлт 2023 онд 230 тэрбум америк.долларт хүрсэн төдийгүй Бээжин арилжааны давуу талыг эдэлж байгааг хэлж байна. Хятадын үйлдвэрлэгчид Өрнөдийн хориг арга хэмжээ, гуравдагч улсын экспортын хяналтыг үл тоож байна гэж үзэж байгаа юм. Нөгөөтээгүүр Өрнөдийнхөн хятадын аж ахуйн нэгжүүдийг онилон хориг тавих нь дэлхийн худалдааны тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй тул нөхцөл байдалд илүү тайван хандаж байгааг судлаачид онцолж байна.