Нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц 75 төсөл арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх чиглэл өгчээ
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд бодит үр дүн гаргаж ажиллах, төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих, элчин сайд нарыг томилуулах саналыг Монгол улсын ерөнхийлөгчид өргөн барих зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого” , улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд туссан болон Монгол улсын ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаа яаралтай эрчимжүүлэх шаардлагатай 75 төсөл арга хэмжээ байгаа юм. Уг жагсаалтад туссан нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хөгжлийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, 2024 оны эхний хагас жилд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон аймаг Нийслэлийн засаг дарга нарт үүрэг болголоо

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн УИХ-д өргөн барихаар боллоо. Ингэснээр орон нутгийг бүсчлэн хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг зорилготой юм байна. Мөн  төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэх үе шаттайгаар нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах талаар авах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн хуралдаанаар дараах хүмүүсийг элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Ингэснээр Монгол улсын ерөнхийлөгчид санал хүргүүлэхээр тогтлоо.

Тодруулбал:

  • Монгол улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Сүхээгийн Сүхболд,
  • Монгол улсаас Бүгд Найрамдах Польш улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Гунаажавын Байгалмаа
  • Монгол улсаас Шведийн хаант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзий
  • Монгол улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг тус тус томилуулах саналыг гаргасан байна. Ингэснээр Монгол улсын ерөнхийлөгчид өргөн барихаар болжээ.