Жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан бол жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж, 2.7-14 сая төгрөгөөр торгоно

Шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлээд байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр жолоочийн торгууль, зөрчил болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид оногдуулах ялыг чангатгажээ.

  • Жолооч согтуурсан үедээ машин барьсан бол эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар зөрчлийн хуульд заажээ.
  • Харин жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Ингэхдээ жолоочийн жолоодох эрхийг 1-3 жилээр хасах, 2 сая 700 мянгаас 14 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар болжээ
  • Тэгвэл жолоочийн торгууль төлөлтийн асуудлыг зөрчлийн тухай хуульд нэмэлтээр оруулсан байна. Тус хуулиар 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш торгуулсан жолооч торгуулиа 15 хоногийн хугацаанд төлбөл 50 хувь хөнгөлнө. Харин 15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн мөнгөн дүнг 50 хувиар нэмж, цаашлаад нийтэд тусгай ажил хийлгэх хүртэл арга хэмжээ авах юм байна.
  • Торгуультай холбоотой дээрх заалт нь зөвхөн 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш торгуулсан жолоочид хамааралтай. Мөн торгуулиа төлөөгүй жолоочийг тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрийн үйлчилгээнд хамрагдахыг хязгаарлана гэж холбогдох албанаас мэдээлж байна.

Зөрчлийн тухай хуульд дурдагдсан жолоочийн торгуулийг 50 хувь хөнгөлөх заалт нь зөвхөн 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш торгуулсан жолоочид хамааралтай. Өөрөөр хэлбэл, 2024 оноос өмнө торгуулсан жолооч торгуулиа тухайн мөнгөн дүнгээр нь төлнө, ямар нэгэн хөнгөлөлтөд хамрагдахгүй гэсэн үг юм. Харин энэ оны нэг сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь шүүх, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг тавин хувиар хөнгөрүүлнэ” гэж заажээ.

Мөн Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ногдуулах ялыг чангатгажээ. Ялын бодлогын өөрчлөлтөөр жолоодох эрх хасах ял нэмэгдсэн, торгох ялын доод хэмжээ зургаа дахин, дээд хэмжээ гурав дахин нэмэгдлээ. Зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ таван сараар, дээд хэмжээ хоёр жилээр нэмэгдэж байна. Тухайлбал, жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан бол жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж, 2 сая 700 мянгаас 14 сая хүртэлх төгрөгөөр торгохоор болжээ.

Жолоочийн гаргасан зөрчил, торгуультай холбоотой энэхүү нэмэлт өөрчлөлтүүд нь зөвхөн мөнгөн дүн, ялын бодлогын асуудал бус замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт, цаашлаад хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зохицуулалттай байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар авто машины торгууль төлөгдөөгүй мөнгөн дүн 90 тэрбум төгрөгт хүрчээ. Торгуулийн төлбөр улсын санд төвлөрдөг бөгөөд эргээд авто замын бүтээн байгуулалтад төсөвлөгддөг байна.