Хувь хүн зөвхөн үйл ажиллагааны орлогодоо 1 хувиар албан татвар төлөх боломжтой боллоо

Энэ он гарсаар хувь хүн үйл ажиллагааны орлогодоо нэг хувиар албан татвар төлөх боломжтой боллоо. Энэхүү татварын хөнгөлөлт нь гар утасны худалдаа эрхлэгч, автомашины ченжүүд зэрэг бизнес эрхлэгчдийн татвар төлөлтийг нэмэгдүүлэх юм. Ийнхүү хувиараа бизнес эрхлэгчдийн орлогын татварын тулгамдсан асуудлыг шийдээд байгаа ч  хувь хүний цалингийн орлогод ногдуулах татвар өндөр хэвээр байна.

2024 он гарсаар хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэллээ. Хувь хүний цалингийн орлого, үйл ажиллагааны орлого зэрэг нийт 6 төрлийн орлого байдаг. Харин хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хувь хүн зөвхөн үйл ажиллагааны орлогодоо 1 хувиар албан татвар төлөх боломжтой болж байгаа юм. Мөн үйл ажиллагааны орлогоосоо холбогдон гарах зардлыг хасаад зөрүү ашгаасаа 10 хувиар төлөх боломж мөн нээлттэй байгаа юм.

Мөн энэ онд хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт орсноос гадна аж ахуй нэгжийн орлогын албан татвар зэрэгт өөрчлөлт орсон байна.

Энэ онд хувиараа бизнес эрхлэгч нарын татварын дарамтыг багасгаж байгаа ч цалингийн орлогоосоо 10 хувь ба үүнээс дээш хувиар татвар төлж байгаа иргэдийн татварын дарамт өндөр хэвээр байна. 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байсан буюу энэ хэмжээний татварын хөнгөлөлтийг одоо ч мөрдөж байна. Тодруулбал, та 1-1.5 сая төгрөгийн цалинтай бол тухайн сардаа ердөө 16.000 төгрөгийн л татварын хөнгөлөлт эдэлж байгаа юм. Тиймээс энэ төрлийн татварыг багасгахын тулд тухайн онд мөрдөж буй сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний цалинг нь сар бүр татвараас чөлөөлж болох юм байна.

Мөн бага цалинтай иргэдийн татварын хувь хэмжээг бууруулах, хөнгөлөх замаар иргэдийнхээ ажил хийж, цалингаараа амьдрах сонирхлыг нэмэгдүүлж болно гэдэг саналыг эдийн засагчид дэвшүүлсээр байна.