Даваа гарагт ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу Украины зүүн бүс нутгийн Марынка тосгоныг Оросын арми бүрэн хяналтдаа авсан талаар ерөнхийлөгч Владимир Путинд дуулгасан байна

Даваа гарагт ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу Украины зүүн бүс нутгийн Марынка тосгоныг Оросын арми бүрэн хяналтдаа авсан талаар ерөнхийлөгч Владимир Путинд дуулгасан байна. Марынка орчмын бүс нутгийг Оросын арми эрхшээлдээ оруулснаар дайны хэтийн төлөвт нөлөөлөх хэмжээний давуу талыг олж авч чадахгүй гэж шинжээчид үзэж байна.

ОХУ-ын армийн хэсэгчлэн хяналтаа тогтоосон Донекц мужийн төвөөс баруун өмнө зүгт орших Марынкаг орхигдсон тосгон гэж тодорхойлдог байна. Тэгвэл Владимир Путин нэгэн цагт 10 мянга гаруй хүн оршин суудаг байсан тосгоныг эрхшээлдээ оруулснаар дайсагнагч талын байлдааны анги нэгтгэлийг Донецк мужид дөхөн ирэх боломжийг хязгаарлана гэдгийг хэлжээ. Владимир Путин "Манай цэргүүд одоо илүү өргөн хүрээнд байлдааны ажиллагааны явах боломж бүрдлээ” хэмээн ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгуд хэлснийг Россия-1 телевиз шууд дамжуулжээ.

2023 онд Оросын армийн дайны талбарт гаргасан хамгийн том амжилт бол өнгөрсөн 5-р сард цус асгаруулсан тулааны эцэст Бахмутын театрыг эзлэн авсан явдал юм. Харин өнгөрсөн 6-р сард Украины зэвсэгт хүчин улсынхаа өмнөд болон зүүн хэсэгт, тэр дундаа Бахмут хотыг эргүүлэн өөрийн газар нутагт нэгтгэх зорилгоор сөрөг давшилтаа эхлүүлсэн. Украинчууд дайсагнагч талын хатуу ширүүн эсэргүүцэлтэй нүүр тулсан ч дайны фронтод бага зэргийн ахиц дэвшлийг гаргасан юм. ОХУ-ын арми бас 22 сар үргэлжилж байгаа мөргөлдөөний үеэр Донецк хүрэх гол гарц гэгддэг Авдеевка тосгоныг хяналтдаа оруулахын тулд агаарын болон хуурай замын давшилтыг хийсээр байгаа юм. 2014 Оху-ын дэмжлэгтэй салан тусгаарлагчид Авдеевка орчмын бүс нутгийг хэсэг хугацаанд эрхшээлдээ авч байсан юм.

Тэгвэл Украины эрх баригчид Донецк мужийн Марынка, Новомыхайливка зэрэг тосгон сууринуудад тус улсын зэвсэгт хүчин хяналтаа тогтоосон хэвээр байгаагийн сацуу дайсагнагч талын давшилтыг тогтоон барьж, амжилттай няцаасаар байгаагаа уламжилжээ.