Жил бүрийн өвөл нийслэлийн тодорхой байршлуудад халиа дошин үүсэж, хавар цагт шар усны үер болох эрсдэлийг дагуулдаг. Тэгвэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр дайран урсдаг Сэлбэ голд ойрын 2-3 жилд үзэгдээгүй халиа дошин үүссэн байна. Албаныхны зүгээс тус үзэгдлийг өнгөрсөн зун хур бороо элбэг орсноос үүдэж голын усны түвшин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
100 айлаас урагш байрлалтай Сэлбэ голын тохижилттой хэсэгт үүссэн халиа тошин нь Арслантай гүүр хүртэл үргэлжилж байгаа юм. Үүссэн халиа тошин голын усны түвшин, газар доорх усны түвшин нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд мөсний зузаан өндөр байгаа учир үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс Геодези, Усны Барилга байгууламжийн газраас ажлын хэсэг гаргаж хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлсэн байна. Шалгалтаар одоогоор онц аюултай түвшинд хүрээгүй гэж үзэж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авна гэсэн юм.
Хэдийгээр голын усны түвшин нэмэгдсэнээс халиа тошин их хэмжээгээр үүсэж байгаа гэж үзэж байгаа ч нөгөө талдаа голын голдрол хааж барьсан барилга байгууламж, урсгалыг зориудаар өөрчилсөн зэрэг нь суурь шалтгаан болж байгааг Геодизи, Усны Барилга байгууламжийн газрын дарга хэлж байсан юм. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар голын онцгой хамгаалалтын бүсэд буусан 2900 гаруй хашаа, хууль зөрчиж барьсан 2400 гаруй барилга байгууламж байна. Эдгээр нь эргээд өөрсдийн аюулгүй байдалд өндөр эрсдэл учруулж байгааг хэлж байсан юм.