ДЭМБ-аас хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, электрон тамхи нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна. Иймд өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах зорилгоор 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох захирамжийг нийслэлийн засаг дарга гаргалаа.
Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын 205 сургуулийн сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглээний судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар 9000 орчим хүүхэд электрон тамхи хэрэглэж байгаа гэсэн дүн гарчээ. Эдгээрийн 7000 орчим нь буюу 77.6 хувь нь хөвгүүд, үлдсэн 22.4 хувь нь охид байна.
Электрон тамхи нь тусгай шингэнийг халааж, тоосонцор үүсгэн түүгээр нь хүн амьсгалдаг. Электрон тамхинд орсон нэмэлт хольц, амт оруулагч зэрэг нь химийн хорт бодис агуулсан байдаг. Түүнчлэн уг химийн нэгдэл бүхий шингэн нь зарим тохиолдолд хорт хавдар үүсгэдэг юм байна.
Одоогийн байдлаар 111 улс электрон тамхины хэрэглээг ямар нэгэн байдлаар зохицуулж байгаа. Тодруулбал, 32 улс электрон тамхи худалдаалахыг хориглодог бол 79 улс электрон тамхины хэрэглээг зохицуулах нэг болон түүнээс олон хуулийн зохицуулалттай байдаг юм байна.