Пүрэв гарагт Ким Жон Ун ажилчны намын хурлын үеэр

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун цэрэг арми, тэр дундаа цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудад хандаж АНУ тэргүүтэй дайсагнагч талын өдөөд хатгасан үйлдэлд шуурхай хариу арга хэмжээ авахын тулд дайны бэлтгэлээ түргэсгэхийг үүрэгджээ. Пүрэв гарагт Ким Жон Ун ажилчны намын хурлын үеэр "Ардын арми болон зэвсгийн үйлдвэрлэл, цөмийн зэвсэг, иргэний хамгаалалтын салбарын дайны бэлтгэл ажлыг цаашид түргэсгэхэд чиглэсэн зорилтууд тавьсан" хэмээн мэдэгджээ.

Мөн Ким Жон Ун Солонгосын Хойгийн түгшүүр урьд өмнө нь байгаагүйгээр нэмэгдэж, мөргөлдөөн, дайн дэгдэх эрсдэл өндөр байгаа төдийгүй өмнө  нь АНУ-ын аюул заналхийлэл хоёр алхмын цаана байсан бол өдгөө хаалгыг нь тогшиж байгааг онцолжээ.

2023 онд Умард Солонгосын харвасан баллистик пуужингийн тоо болон цуврал зэвсгийн туршилт нь түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд улс төр, Батлан Хамгаалахын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн төдийгүй саяхан хойд солонгосын пуужин хөөргөх бодит мэдээллийг хуваалцах системийг идэвхжүүлсэн юм.

Энэ сарын эхээр АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц Өмнөд Солонгосын боомт хот Пусанд ирсэн бөгөөд Вашингтон нь Сөүл, Токиотой хамтарсан цэргийн сургуулилалтад алсын тусгалын бөмбөгдөгч онгоцнуудаа илгээгээд байгаа юм.

Харин умардынхан энэ жил анхны тагнуулын хиймэл дагуулаа гурав дахь удаагийн оролдлогоороо амжилттай хөөргөснөөс гадна Hwasong-18 буюу дэвшилтэт технологийн шийдэл бүхий тив хоорондын баллистик пуужингаа мөн амжилттай туршаад байна.