Аргентин улс түүхэн дэх хамгийн хүнд хэцүү санхүүгийн хямралтай нүүр тулж байгаа тул иргэд нь өдөр бүр улс төрийн хэлэлцүүлэгт анхаарал хандуулж, үнийн өсөлтийн дарамтаа нимгэлэх, амьжиргаагаа залгуулахыг амьдралынхаа нэн тэргүүний зорилт болгоод байна. Тэгвэл нөхцөл байдал 10 гаруй жилийн өмнөхөөс дордож, Аргентины иргэд сэтгэлийн түгшүүр, айдас, нойргүйдлийн эмгэгт өртөн, улс орныхоо тодорхойгүй байдалд санаа зовниж байгаа нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд үлэмж хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгааг тус улсын тэргүүлэх сэтгэл зүйчид, мэргэжилтнүүд хэлж байна.
Аргентин нь Латин Америкийн гурав дахь том эдийн засаг бүхий улс боловч улс төрийн тогтворгүй байдал, их хэмжээний гадаад өрийн улмаас олон арван жилийн туршид санхүүгийн хямралд нэрвэгдсээр өнөөг хүрчээ. 2023 онд Аргентин улсын инфляцын түвшин 140 хувийг давсны үр дүнд мөнгөн тэмдэгтийн ханш түүхэн доод үзүүлэлтэд хүртлээ унасан юм. Тус улсын зарим иргэдийн хувьд энгийн хүнсний дэлгүүр орж худалдан авалт хийнэ гэдэг нь томоохон сорилтод тооцогдох болсон байна.
Тэгвэл санхүүгийн хямрал, сэтгэл гутрал, нийгмийн сэтгэл зүй доройтож байгаа зэрэг нь мэргэжлийн сэтгэл зүйчийн эрэлтийг нэмэгдүүлж байна гэж дотоодын хэвлэлүүд мэдээлжээ. Аргентины тэргүүлэх сэтгэл зүйчид, мэргэжилтнүүд стресстэй холбоотой нөхцөл байдал улам бүр дордож байгаа төдийгүй сүүлийн арван жилд үйлчилгээ авч байгаа хүмүүсийн тоо бараг 8 дахин нэмэгдсэнийг онцолжээ. Сэтгэл зүйчид Аргентин улсын иргэдийн сэтгэл зүйн байдал үнэхээр цочирдмоор буюу дийлэнх олонх нь тэдний зөвлөгөөг сонсох ч чадваргүй болсон, зөвхөн дотоод асуудлаа уудалж, тасралтгүй ярьсаар байгааг хэлж байна. Сэтгэл зүйн туслалцаа авч байгаа хүмүүсийн бараг 90 орчим хувь нь айдас түгшүүртэй, сөрөг бодолд автсан, мөн эдгээр асуудлууд нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх хэвшлийг нь эвдсэн байгаа нь тогтоогджээ.
Сэтгэлийн түгшүүр бол бодит эсвэл төсөөлж байгаа аюулд үзүүлэх ердийн хариу үйлдэл юм. Энэ нь бие махбодыг аюул заналхийллээс хамгаалах эсвэл зайлсхийхэд тусалдаг. Гэвч сэтгэлийн түгшүүр нь толгой эргэх, чичрэх, толгойн хүчтэй өвдөлт буюу мигрень, ядрах зэрэг шинж тэмдгүүдээр илэрч, эмгэг болж хувирдаг төдийгүй сэтгэлийн хямрал гэх мэт бусад нөхцөл байдлын эрсдэлт хүчин зүйлсийг нэмэгдүүлдэг байна. Мөн тодорхой түвшний түгшүүр нь амьд үлдэх үндсэн ур чадварын хувьд зайлшгүй шаардлагатай боловч хэтэрсэн тохиолдолд асуудал дагуулдаг бөгөөд энэ нь өвчтөнийг насан туршдаа эдгэрэхгүй саажилт, эсвэл бүр үр хүүхэд, ирээдүй хойч үеэ айдас дунд амьдруулах бүхний эхлэл болж байгааг сэтгэл зүйчид хэлж байна.
Мэргэжилтнүүдийн явуулсан судалгаанд оролцогчдын 75 хувь нь нойргүйдэлд өртдөг гэж хариулсан бол сэтгэлзүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийн 50 хувь нь ийм төрлийн үйлчилгээ авах чадваргүй гэж хариулжээ.