Өнөөдрийн байдлаар нийслэлд 980 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Тэгвэл үүнээс 50-60 хувь нь ашиглалтын хугацаа нь дууссан буюу 12-оос дээш жилийн насжилттай байгаа юм. Нийтийн тээврийн салбарт яаралтай шинэчлэл хийх шаардлагатай байгаа тул БНХАУ-ын “Yutong Bus” компаниас 600 шинэ автобус худалдан авахаар гэрээ хийсэн. 2 оны зааг дээр тэдгээрийн эхний ээлжийн 35 шинэ автобусыг оруулж ирэн төв талбайд нийтэд танилцуулж байна.
Нийслэл хотын нийт хүн амын 45 орчим хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн судалгаа байна. Иргэд өдөр бүр дунджаар 1-2 цагийг автобус хүлээхэд зарцуулдаг. Автобус ирсэн ч хүйтэн тухгүй, зорчиход хүндрэлтэй байдаг зэрэг олон бэрхшээл тулгардаг юм байна. Тиймээс иргэд нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг яаралтай хугацаанд дуусгах шаардлагатайг хэлсэн байна.