Нийтийн тээврийн чиглэлийг шинэчилснээр автобус хүлээх хугацаа 2-4 минут болж буурна

Нийтийн тээврийн чиглэл, маршрутыг ирэх 1-р сарын 20-ны өдрөөс эхлэн өөрчлөхөөр төлөвлөж байна. Тухайлбал, нийт зургаан үндсэн уртын чиглэл байгаа бөгөөд эдгээр чиглэлийг хооронд нь холбож богино эргэлтийн автобуснууд явах юм байна. Ингэснээр иргэд хотын нэг цэгээс нөгөө цэг рүү очиход 2-3 автобус дамжиж байж очих газартаа хүрнэ гэсэн үг. Хэдийгээр иргэд автобус дамжиж суух нь нэмэгдэх ч  автобус хүлээлтийн хугацаа харин эрс багасаж, 2-4 минут болно гэж хотын дарга танилцууллаа.

Нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлтөөр богино эргэлтийн автобусыг нэмэгдүүлж байгаа. Энэ нь оргил ачааллын үеэр хотын нэг захад очоод 40-50 минут хүртэл автобус хүлээдэг нөхцөл байдлыг арилгаж хүлээлтийг хугацааг ердөө 2-4 минут болгоно гэж тооцоолж байгаа юм байна.

Нийтийн тээврийн чиглэлд дээрх байдлаар шинэчлэлт хийж, богино эргэлтийн автобусыг нэмэгдүүлж байгаа нь тодорхой хэмжээнд түгжрэл буурахад нөлөөлнө гэсэн юм.

Автобусны чиглэлийг шинэчлэхээс гадна үнэ тарифт өөрчлөлт оруулах юм байна. Тухайлбал, нэг өдрийн турш иргэд 1000 төгрөгөөр 4 удаа үнэгүй зорчих талаар төлөвлөж байна. Мөн одоогоор үнэгүй зорчдог иргэд буюу ахмадууд, оюутнууд нь өдөрт 4 удаа үнэгүй зорчдог болгож хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байгаа юм байна.

Мөн УБ хотын захын хорооллуудаар дунд оврын автобусны тоог нэмэгдүүлж, шинэ чиглэлүүд гаргасан байна. Ийнхүү  нийтийн тээврийн чиглэл болоод үнэ тарифт өөрчлөлт оруулахаас гадна ирэх оны 2-р сараас эхлэн автобусаар зорчиж байгаа иргэдийг тоолох системийг нэвтрүүлэх зэргээр нийтийн тээврийн салбарт цахим шинэчлэлийг ч хийж байгаа талаар хотын дарга мэдээллээ.