Орон сууцанд амьдарч байгаа иргэдийн дундын өмч, эд хөрөнгө буюу цахилгаан шат, гадна дотно талбайн хэвийн байдлыг хангах, хамгаалах үүрэгтэйгээр СӨХ буюу сууц өмчлөгчдийн холбоо байгуулагддаг. Гэтэл оршин суугчид болон СӨХ хооронд төлбөрийн маргаан байнга үүсдэг байна. Нэг талаас айл өрхүүд нь “СӨХ ажлаа хийхгүй байгаа тул СӨХ-ны төлбөрөө төлөхгүй” гэж хэлдэг. Тэгвэл нөгөө талаас “оршин суугчид СӨХ-ны төлбөрөө төлөөгүй” гэдэг үндэслэлээр СӨХ-өөс цахилгаан шатаа зогсоох, цэвэрлэгээ хийхгүй байх зэргээр үл ойлголцол үүсдэг байна.
Ийнхүү СХД 16-р хорооны 24, 25-р байрны оршин суугчид сар бүр сөх-ийн төлбөр гэж 39.550 төгрөг төлдөг. Гэтэл 3 айл төлөөгүй гэсэн шалтгаанаар цахилгаан шатыг нь зогсоосон байгаа юм.
Үүнээс харвал оршин суугчид СӨХ-ны төлбөрөө төлөөгүйгээс шалтгаалж бусад иргэдээ хохироож байна. Мөн нөгөө талаас СӨХ-ны ёс зүйн асуудал ч үүссэн байгаа юм. Анх 2003 онд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдаж байсан. Гэтэл энэ хуулиар өнөөдөр СӨХ-ны ёс зүй цаашлаад СӨХ болон оршин суугчдын хоорондын маргааныг зохицуулж чадахгүй байна гэдгийг иргэд хэлж байна.