БНСУ-д ганц ам бүлтэй өрхийн эзлэх хувь өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд хүрч, нийт өрхийн 42 хувийг эзэлснийг тус улсыг Дотоод Хэргийн яамнаас Пүрэв гарагт мэдээлжээ. 2023 оны 12-р сарын байдлаар нэг гишүүнтэй өрхийн тоо 9.9 саяд хүрсэн нь өмнөх 2022 оны 9.7 саяас өссөн үзүүлэлт болжээ.
БНСУ-д ердөө ганцхан жилийн хугацаанд нэг гишүүнтэй өрхийн тоо 211 мянгаар өссөн байна. Харин тус улсад 2023 онд нийт 23.9 сая өрх тоологдсоны 9.9 сая нь нэг ам бүлтэй өрх байгаа нь хүн ам зүйн бэрхшээлтэй тулгарсныг илтгэж байна.
Ганц гишүүнтэй өрхийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь гэрлээгүй, ганцаараа амьдардаг, мөн өндөр настай хүмүүсийн тоо өссөнтэй голлон холбоотой бөгөөд хүн ам зүйн ийм хурдацтай өөрчлөлтийг зогсооход төрийн бодлого шаардлагатай байгаа юм байна.
Өнгөрөгч оны 8-р сард тус улсын статистикийн газраас 65 ба түүнээс дээш насны 1.9 сая ахмад настан гэртээ ганцаараа амьдарч байгаа тухай мэдээлсэн нь олныг сэртхийлгэсэн юм. Үүнээс харахад тус улсын нийт ахмад настнуудын 22 хувь нь ганцаараа амьдарч байна:
Өмнөд Солонгосын статистикийн газраас нэг ам бүлтэй өрхийн тоо нийт өрхийн 35 орчим хувийг эзэлж байгаа гэж тооцоолж байсан ч энэ үзүүлэлт харьцангуй өндөр байна.
Өмнөд Солонгосын Дотоод Хэргийн яам иргэдээ оршин сууж байгаа хаягаар нь бүртгэлжүүлж тоо баримтаа үйлддэг бол статистикийн газар нь гэр бүлийн нөхцөл байдалтай нь холбон бүртгэдэг байна. Өөрөөр хэлбэл, тусдаа амьдардаг ч амьжиргаа нь холбогдсон хоёр хүнтэй өрхийг солонгосын статистикийн газар нэг өрх гэж бүртгэж, харин яам нь хоёр тусдаа өрх гэж бүртгэдэг байна.
Үүний нэг жишээ бол ажил болон бусад шалтгаанаар тусдаа амьдардаг гэрлэсэн эхнэр, нөхөр хоёрыг "Амралтын өдрийн хосууд" гэж нэрлэдэг явдал юм. Солонгосын статистикийн газраас нийтэлсэн сүүлийн үеийн мэдээллээс харахад тус улсад хамт амьдардаггүй 700 мянга орчим гэр бүл байдаг аж. Харин яамны тоо баримт нь хэчнээн хүн ганцаараа амьдарч байгааг илүү нарийвчлан тогтоодог байна.
Түүнчлэн олон гишүүнтэй гэр бүлийн тоо өнгөрсөн онд буурсан үзүүлэлттэй байна. Дөрвөн хүнтэй өрх, таван хүнтэй өрхийн тоо 3.2 саяас 3.1 сая болж, буурчээ. Харин хоёр хүнтэй өрхийн тоо 5.7 саяас 5.8 сая, гурван хүнтэй өрхийн тоо 4 саяас 4.1 сая болж өссөн нь эерэг үзүүлэлт болсон байна.