Пүрэв гарагт Израилын Батлан Хамгаалахын сайд Йоав Галлант Газын зурвасын  дайны дараах засаглалын төлөвлөгөөг танилцууллаа

Пүрэв гарагт Израилын Батлан Хамгаалахын сайд Йоав Галлант Газын зурвасын  дайны дараах засаглалын төлөвлөгөөг танилцууллаа. Дайны дараа Анклавын хойгийн бүс нутагт Палестины хязгаарлагдмал засаглал тогтоно гэж тэрээр мэдэгдсэн байна.

Израилын Батлан Хамгаалахын сайд Йоав Галлант Хамас зэвсэгт байгууллагыг бүрэн устгаж, Газын зурвасыг чөлөөлсний дараа Анклавын хойгийн хяналтыг Палестины хязгаарлагдмал засаглалд шилжүүлэх төлөвлөгөөтэй байгааг уламжилжээ. Израилын Засгийн газрын төлөвлөөг танилцуулахтай зэрэгцэн Газын зурваст дайсагнагч талуудын хооронд ширүүн тулаан үргэлжилсээр, энгийн номхон иргэд амиа алдсаар байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен Ойрх Дорнодын бүс нутагт айлчлал хийнэ. Тэрээр эзлэгдсэн баруун эрэг дахь Палестины албаныхан болон Израилын Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Өнгөрөгч Мягмар гарагт Ливаны нийслэл Бейрут хотноо Хамас зэвсэгт байгууллагын хоёр дахь том албан тушаалтан Израилын дроны халдлагад өртөж амиа алдсаны дараа бүс нутгийн хурцадмал байдал даамжрах төлөвтэй байгаа тул Энтони Блинкен гал намжаах зорилгоор айлчлал хийх шаардлагатай болсон байна.

Пүрэв гарагт Йоав Галлантын танилцуулсан "Дөрвөн булан" төлөвлөгөөний дагуу Израилын Зэвсэгт хүчин газын зурвасын аюулгүй байдалд ерөнхий хяналт тавих юм байна. Харин Израилын агаарын довтолгооноос үүдэлтэй сүйрлийн дараа газар нутгийг сэргээн босгох ажлыг олон үндэстэн хамтран хариуцна. Мөн хөрш зэргэлдээ Египет улсын эрх баригчид ч төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэхийг Йоав Галлант онцолжээ. Харин Израилын сөрөг хүчин хэт барууны улс төрчид Биньямин Нетаньяхугийн төлөвлөгөөг эрс эсэргүүцсэн бөгөөд тэд Газын зурваст Еврей үндэстний суурин байгуулж, Палестины иргэдийг газын зурвасаас цөлөх нь зөв зүйтэй алхам гэж үзэж байна.