УИХ-ын сонгууль энэ жил хосолсон холимог тогтолцоогоор явагдахаар болсон нь иргэдийн хувьд шинэлэг зүйл юм. Тиймээс иргэдийн сонгогчийн боловсролд анхаарах зайлшгүй шаардлага үүсэж байна. Манай улсад сонгогчийн боловсролыг дийлэнхдээ иргэний нийгмийн байгууллагууд олгодог бөгөөд хоёр жилийн өмнөөс эхлэн Сонгуулийн Ерөнхий хорооноос энэ асуудалд анхаарал хандуулж эхэлжээ. Угтаа бол улс төрийн намууд голлох үүрэг хүлээх ёстой гэж үзэж байна.
2024 оны УИХ-ын сонгууль болоход ердөө 5 сарын хугацаа үлдсэн байна. Энэ удаагийн сонгууль хосолсон холимог тогтолцоогоор явагдах гэж байгаа ч иргэдийн дунд мэдээлэл хангалтгүй байна.
Судлаачид, иргэний нийгмийн байгууллага болон судалгааны институтуудын зүгээс сонгогчийн боловсролыг сайжруулах шаардлагатайг өнгөрсөн 8 удаагийн УИХ-ын сонгууль бүрээр сануулж, өөрсдийн боломжит ажлуудыг өнөөг хүртэл хийж иржээ. Гэсэн ч жил бүр сонгууль өгөх насанд хүрч, анх удаа санал өгч байгаа иргэдийн тоо өссөөр байгаа энэ үед сонгуулийн өмнөх хэдэн сард л боловсрол олгох асуудал ярих нь үр дүнгүй гэдгийг судлаач хэлж байгаа юм. Үндсэндээ сонгогчид боловсрол олгох асуудалд улс төрийн намууд голлох үүргийг гүйцэтгэх ёстой байна.
Энэ жилийн УИХ-ын сонгуулийн тогтолцоо сонгогчдод илүү хүндрэлтэй байна гэдгийг судлаач санууллаа. Тухайлбал, өмнө нь нэг тойрог хамгийн ихдээ 3-4 мандаттай байсан бол энэ удаагийн сонгуулиар 8-10 хүртэлх мандаттай тойргууд байна.
Сонгогчдод бүх талаар ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэл өгч сонгогчийн боловсролыг дээшлүүлэх нь сонгуулийг зардал багатай, цаг хугацаа хэмнэн явуулахад эерэг нөлөөтэй байна. Мөн сонгогчдын боловсрол сайн байх тусам сонгуулийн ирц бүрэн байдгийг олон улсын судалгаанд дурджээ.