Хувиараа Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд өмнө нь харьяа Нийгмийн даатгалын хэлтэст заавал биеэрээ очдог, банканд мөнгөө төлдөг байсан. Мөн төлөгдсөн төлбөр нь 2-3 хонож байж баталгааждаг тул эмнэлэгт үзүүлэх хугацаа нь хойшлох нөхцөл байдал үүсдэг байсан. Тэгвэл энэ оноос эхлэн хувиараа эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд и-баримт гар утасны аппликейшнаар төлбөрөө хийж, баталгаажуулах боломжтой болжээ.
Энэ оноос эхлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургуулийн оюутан, гадаадын иргэний Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллага бүртгэж авахгүй юм байна. Эдгээр иргэд зөвхөн И-Баримт гар утасны аппликейшнаар эрүүл мэндийн даатгалаа төлөх боломжтой бөгөөд энэ үйлчилгээгээр эрүүл мэндийн даатгалын төлөлт баталгаажих хугацаа 15-30 минут болж цаг алдалгүй эмнэлэгт үзүүлэх боломжтой болж байгаа юм байна.
Мөн энэ оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл эмд-ын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувьтай тэнцэх хэмжээгээр төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, оюутан, малчин нь сард 6600 төгрөг жилд 79.200 төгрөг төлөхөөр нэмэгдсэн юм. Харин аан, байгууллага болон ажилтан нь нийлээд нэг сарын цалингийн 4 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ЭМД-ын шимтгэлд төлөх юм.
Иргэд эрүүл мэндийн даатгалаа төлөөгүйгээс шалтгаалж яаралтай үедээ эмнэлэгт үзүүлж чадалгүй цаг их алддаг. Тэгвэл иргэд хүссэн үедээ байгаа газраасаа ЭМДЕГ-ын веб сайтаар дамжуулан регистрийн дугаараа оруулан шимтгэл төлөлтийн дутуу сар, жилээ харах боломжтой юм.