П.Сайнзориг: Иргэдийн эрх ашгийг хөндсөн хуулийг батлаагүй

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны 12-р сарын 7-ны өдөр  УИХ-аар баталсан. Тэгвэл тус хуулийг нийслэлийн ардчилсан намаас эсэргүүцэж байгаа бөгөөд хотын иргэдийн эрхийг хөндсөн, алдаатай хууль батлуулсан гэж үзжээ.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан. Тус хуулийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахын тулд газар чөлөөлөх юм. Тэгвэл энэ нь иргэдийн газар өмчлөх эрхэд халдаж байна гэсэн байр суурийг нийслэлийн ан-аас мэдээлж байгаа юм. Тодруулбал, уг хуульд зааснаар газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа тухайн хэсэгт байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүдийн 65 хувь нь дэмжвэл үлдсэн хэсгийн айл өрхийн газрыг албадан чөлөөлнө гэж заажээ. Жишээ нь хашаа залгаа амьдарч байгаа 10 айлын 7 нь газар чөлөөлөлтийг дэмжсэн тохиолдолд үлдсэн 3-4 өрх нь хөршийнхөө гаргасан саналаас хамаарч өөрийн үл хөдлөх хөрөнгөө улсад тушаах, хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд төр албадан чөлөөлөх нөхцөл байдлыг бий болгож байна гэсэн юм.

Харин тус хууль нь иргэдийн газар өмчлөх эрхэд халдаагүй гэдгийг нийслэлийн зүгээс мэдээлж байна. Тухайлбал, иргэдийг хохиролгүй байлгахаар зохицуулсан бөгөөд газраа чөлөөлсөн айл өрхүүдийг түрээсийн орон сууцанд байлгах, нөхөн олговрыг олгох зэрэг хуулийн зохицуулалтыг оруулсан байна. Мөн газраа чөлөөлөхгүй гэж эсэргүүцсэн иргэдийн эрх ашгийг сонсож нөхөн олговор олгох юм байна.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль нь 2 гаруй жилийн хугацаанд боловсруулагдаж батлагдсан буюу ямар нэгэн байдлаар иргэдийн эрх ашгийг хөндөөгүй гэдгийг ч мөн нийслэлийн зүгээс мэдээллээ.