Өнгөрөгч 9-р сард Энэтхэг улсын Сансар судлалын байгууллагын хөөргөсөн “Адитиа” судалгааны хөлөг нарны тойрог замд амжилттай хүрсэн байна. Наса агентлагийн мэдээлснээр Энэтхэг улсын судалгааны хөлөг дөрвөн сарын хугацаанд нийт 1.5 сая километр зам туулж дэлхий, нар хоёрын дунд байршжээ.
Одоо Энэтхэгийн судлаачид сансрын станцаараа дамжуулан нарны аймгийн төвд байрлах одны цогц судалгааг хийж, нарны титэм болон түүний агаар мандалд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл цуглуулах юм байна.
Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Энэтхэгийн сансар судлалын түүхэн дэх том нээлт боллоо. Энэ бол манай улсын эрдэмтдийн сансар судлалын нарийн төвөгтэй асуултын хариултыг эрэлхийлсэн тууштай зүтгэлийн үр дүн.” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Үүнээс гадна эрдэмтэд нар болон дэлхийн хэлхээ холбоог судалж, олон нууцыг тайлах боломж бүрдсэнийг Энэтхэгийн Шинжлэх ухааны сайд онцолжээ.
Өнгөрсөн онд Энэтхэг улс сарны өмнөд гадаргууд сансрын станцаа буулгасан дэлхийн анхны улс болж байсан юм. Харин энэ удаад хөөргөсөн “Адитиа” хөлөг ирэх таван жилийн хугацаанд нарыг зайнаас тандан судалж, хамгийн ойрын цэгээс ажиглалт хийхээр болсон нь ийнхүү түүхэн үйл явдал болжээ.