БНХАУ-ын дарга Ши Жиньпин үл хөдлөх хөрөнгийн салбар нь уналтад орсон тул ирэх арван жилийн эдийн засгийн үндсэн загвартаа өөрчлөлт оруулах төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлтөө хангахын тулд Хятад улс өндөр нэмүү өртөгтэй үйлдвэрлэл рүү шилжих төдийгүй үйлдвэрлэж байгаа барааныхаа тоо ширхгийг эрс нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байна.
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, бүтэлгүйтлээс улбаалан тус улсын дарга Ши Жиньпин эдийн засгийнхаа ерөнхий бүтцэд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай нүүр тулжээ. Түүний засгийн газрын шийдэл нь дэлхий даяар худалдааны хурцадмал байдлын шинэ давлагааг өдөөх эрсдэлтэй байна.
Хятад улсын эдийн засгийн өсөлтийн 20 орчим хувийг хангадаг үл хөдлөхийн салбарын уналт, бүтэлгүйтэл нь өдгөө тус улсын санхүүгийн чадамжийг хүчгүйдүүлэх, хойш нь татах салбар болж хувирсан тул Ши Жиньпин үйлдвэрлэлийн салбар руугаа мөнгө цутгахаас өөр аргагүйд хүрсэн гэж шинжээчид үзэж байна.
Ши Жиньпиний эдийн засгийн өсөлтөө хангах шийдлийн нэг хэсэг нь эрчим хүчний шинэ хөдөлгөгч хүч болох цахилгаан тээврийн хэрэгсэл, батарей, сэргээгдэх эрчим хүч зэрэг юм. Эдгээр нь дэлхийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах эерэг дүр төрхтэй хэдий ч олон улсын зах зээлд зэс, лити зэрэг түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлнэ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг гүрний санхүүгийн өсөлт ердөө 5 орчимд хувьд хэлбэлзэж байна. Уг өсөлт нь Хятад болон хөгжингүй дэлхийн хоорондох дэлхийн худалдааны хурцадмал байдал, түүнчлэн үйлдвэржилтийн доод шатанд хүрэхээр тэмцэж байгаа хөгжиж байгаа эдийн засагтай улс орнуудын хувьд сүйрлийн аюул дагуулж байна.
АНУ, Европын холбооны хууль тогтоогчид Хятад улсын үйлдвэрлэлийн хэмжээ хэрээс хэтэрч байгааг анхааруулж байна. Европын холбооны хэд хэдэн улсын гаалийн байгууллагаас худалдааны мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Хууль сахиулагчид Европын барааны тэмдэгт бүхий архи коньяк, бараа бүтээгдэхүүнийг Хятад улсад хууль бусаар үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байгаа явдлыг нягталж байна. Мөн Европын хууль тогтоогчид Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэлд татаас олгох асуудлыг хөндөж байна. Түүнчлэн саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын дэвшилтэт технологийн нийлүүлэлтэд тавих хяналтыг чангатгахыг үүрэгдсэн. Үүнээс гадна Хятад улсын дарга Ши Жиньпиний стратеги төлөвлөгөө нь бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулж байгаа нь хэрэглэгчдийн хувьд таатай мэдээ хэдий ч аж үйлдвэрийн салбараа хөл дээр нь босгож байгаа Вьетнам, Индонез зэрэг улс орнуудын хүчин чармайлтыг талаар болгож байгааг эдийн засагчид онцолжээ.