Зуун айлын гүүрнээс урагш сэлбэ голын тохижилттой хэсэгт өнгөрсөн 12-р сараас эхлэн их хэмжээний халиа тошин үүсээд байгаа. Сүүлийн өдрүүдэд халиа тошингийн мөсний зузаан 20 см-ээр нэмэгдээд байгаа юм байна. Хэдийгээр нөхцөл байдал аюултай түвшинд хүрээгүй гэж байгаа ч тухайн хэсэг дэх тохижилтын ажлууд болон гүүрэн байгууламжийн доорх дулааны шугам сүлжээ хөлдөх эрсдэлд ороод байгаа тул өнөөдрөөс эхлэн халиа тошин үүссэн хэсэгт машин механизмаар сувагчлах, гарсан мөсөөр нь далан босгох ажил хийж эхэлжээ.
Тэгвэл "УБДС"-ийн ажилтнууд уг хэсэгт үзлэг шалгалт хийж, нөхцөл байдал одоогоор хүндрээгүй гэж тайлбарлажээ.
Сэлбэ голд үүсээд байгаа халиа тошин Дамбын гүүрнээс урагш Арслантай гүүр хүртэл үргэлжилж, зуун айлын гүүрнээс урагш тохижилттой хэсэгт хамгийн ихээр үүсжээ.
Тэгвэл үүсээд байгаа халиа тошинг сэлбэ гол дагуух барилгууд хөрсний усаа шавхаж байгаагаас үүдэлтэй гэж иргэд үзэж байна. Харин албаныхны шалгалтаар хоёр барилга хөрсний усаа шавхсан нь тогтоогдсон, гэсэн ч гол шалтгаан нь өнгөрсөн зун орсон их хэмжээний борооноор голын усны түвшин ихэссэнтэй холбон тайлбарлаж байна.
Халиа тошин хаврын цагт шар усны үерээр эрсдэл үүсгэж болзошгүй гэж иргэд болгоомжилж байгаа юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Сэлбэ голын ойролцоох айл өрх, ААН-ийг усанд автуулахгүйн тулд халиа тошинг сувагчилж усыг урсгах, усыг дээшээ түрж хөлдөөх ажил хийгдэж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 10 гаруй байршилд халиа тошин үүссэн бөгөөд хамгийн эрсдэлтэй хэсэг нь дэнжийн мянгын гуравдугаар суваг буюу 32-ын гүүрний хойд, Шунхлай ШТС-аас дээш хэсэг, 39 дүгээр сургуулийн урд талын суваг байна. Эдгээр газруудад Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтэс ажиллаж байна.