Төрөөс 5 жилийн хугацаанд малчдын НДШ-ийн 50 хувийг төлөх хуулийн заалт хэрэгжиж эхэллээ

2023 оны 7-р сард УИХ Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь энэ оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Багц хуульд малчдын НДШ-ийг төрөөс 5 жилийн хугацаанд даах, эмнэлгийн хяналтад байдаг байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг эхийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс 100 хувь хариуцан төлөх, мөн иргэдийн тэтгэвэр өвлөгддөг болох зэргээр олон шинэчлэлт оржээ.

Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд томоохон хэд хэдэн өөрчлөлт орсон юм. Одоогоор 280.000 гаруй малчдын ердөө 25 хувь нь НДШ төлдөг. Тэдний НДШ төлөлтийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс 5 жилийн хугацаанд 50 хувийг нь төлдөг боллоо. Үүнээс гадна Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль хэлэлцэгдэж байна.

Энэ оноос эхлэн Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлснээр тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, таны төлж байгаа тэтгэврийн шимтгэлийн 2 хувийг бэлэн мөнгө болгож хадгалаад энэхүү хуримтлалаа иргэд эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээл зэрэгт зарцуулах боломжтой болжээ.

Мөн НД-ын багц хуульд НДШ-ийг нөхөн төлөхийг хориглосон зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Нөхөн төлөх нь нийгмийн даатгалын сангаа алдагдалд хүргэж байсан юм. Мөн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол тэтгэврийн даатгал төлөхгүй байж болно.

Сайн дурын даатгуулагчийн шимтгэлийн төлөх хэмжээнд өөрчлөлт орсон байна. Сайн дураар даатгуулагч иргэн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр шимтгэл төлөх юм. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн тэнцүү хэмжээний мөнгийг төлдөг байсан юм.