Герман улсын газар тариалан эрхлэгчид төсвийнхөө эмх замбараагүй байдлыг засаж, хэт барууны үзэл суртал бүхий бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тэмцэж байгаа Канцлер Олаф Шольцын Эвслийн Засгийн газарт бодит утгаараа саад тотгор учруулж байна. Учир нь Германы Засгийн газар тариаланчдад олгодог татаасаа танах, эсвэл зогсоох төлөвлөгөөтэй байгаа нь тэдний дургүйцлийг ийнхүү дээд цэгт нь хүргэжээ.
Өнгөрөгч Даваа гарагт Герман улсын газар тариалан эрхлэгчид долоо хоног үргэлжлэх эсэргүүцлийн жагсаалаа эхлүүлжээ. Холбооны улсын нийт 16 мужийн төв зам, гарцыг газар тариалан эрхлэгчид трактор, ачааны машинуудын цуваагаараа хаагаад зогсохгүй жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч эхэлжээ. Гэвч жагсаал цуглааныг төрийн эргэлт хийх уран зөгнөлт хүсэл мөрөөдөлтэй хэт даврагч бүлгэмийн гишүүд үймээн самуун руу хөтлөх эрсдэлтэй байгааг германы эрх баригчид анхааруулж, тариаланчдыг тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэхэд уриалсан байна.
Олаф Шольцын Засгийн газар үргүй зардлаа танаж, төсвийн сахилга батыг чанд баримтлах, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын нөхөн олговрыг цуцлах, дизель түлшний татварын хөнгөлөлтийг зогсоож, татаасыг танах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь газар тариалан эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа юм.
Тариаланчид Германы Засгийн газар татварын хоёр хөнгөлөлтийг цуцалснаар төсвийн нэг жилд 900 сая евро хэмнэх хэдий ч татварын дарамт, зардал зэрэг нэмэгдсэнээр хөдөө аж ахуйн олон мянган бизнес эрхлэгчид дампуурах эрсдэлтэйг хэлж байна. Тэд Олаф Шольцын Засгийн газар огцрох ёстой гэж үзэж байгаа төдийгүй газар тариалан эрхлэгчдийг бизнесээ орхиход хүргэснээр тус үндэстнийг тодорхойлдог шар айргийг импортын үнэтэй архи дарснаас өндөр үнээр худалдан авах сонголттой нүүр тулна гэдгийг хэлж байна