Өнгөрсөн долоо хоногт Alaska Airlines авиа компанийн “Boeing-737 Max 9” онгоц Орегон мужийн Портлэнд хотоос Аляскийг чиглэн нислэг үйлджээ. Гэвч онгоц хөөрөөд удалгүй ослын хаалга нь салан унаснаар ослын буулт хийхээс өөр аргагүйд хүрсэн байна.
Энэхүү осолтой холбогдуулан АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн мөрдөн шалгагчид шалгалтын ажиллагаа эхлүүлжээ. 177 зорчигч тээвэрлэн 4800 метрийн өндөрт зорчиж явсан онгоцны их биеийн хэсэг буюу ослын хаалга нь ямар шалтгааны улмаас салж унасан нь олны анхаарлыг мөн зайлшгүй татаад байсан юм.
Тэгвэл мэргэжилтнүүд “Boeing-737” загварын нийт 170 гаруй онгоцыг газардуулж, ослын шалтгааныг тодруулах хүртэл ийм загварын онгоцоор нислэг үйлдэхийг хориглосон байна.
Харин мэргэжилтнүүд Alaska Airlines компанийн нислэгтээ ашигласан boeing 737 онгоцны эрэг шураг, боолтууд нь салж унаснаар ослын хаалга их биеэс салж унасан хэмээх дүгнэлтийг даваа гарагт гаргасан байна.
Мөн АНУ-ын Холбооны Нисэхийн Удирдах газраас арилжааны нислэг үйлдэж байгаа “Boeing-737” загварын бүх онгоцны хаалгануудын бэхэлгээг дахин засварлаж, аюулгүйн стандарт шаардлагад нийцүүлсний дараа зорчигч тээвэрлэх зөвшөөрөл олгохоор болсныг мэдээлжээ. Түүнчлэн Орегон мужийн цагдаагийн газраас онгоцны салж унасан ослын хаалгыг Портлэнд хотын нэгэн оршин суугчийн эдлэн газраас олсон тухай мэдээлжээ. Онгоцны их биеийн хэсгээс салж унасан хаалгыг олох үед олон тооны эрэг шураг боолт, эд анги нь хаалгандаа үлдсэн байсныг цагдаа нар мэдэгдсэн байна.
Одоо хуулийн байгууллагаас alaska airlines авиа компани техникийн ажилтнуудын гүйцэтгэлд хэрхэн хяналт шалгалт тавьдаг байсан нягтлаад зогсохгүй мөн нислэгийн өмнөх техникийн үзлэгийн тайлангуудыг шалгаж байна. Хэдийгээр дээрх ослоос үүдэн 170 гаруй зорчигчийн эрүүл мэндэд асуудал тулгараагүй ч тус осол нь дэлхийн 50 гаруй улс орны иргэний агаарын тээвэрт ашиглагддаг онгоцны үйлдвэрлэлийн үйл явцтай холбоотой санаа зовнилыг нэмэгдүүлжээ.