Аймаг орон нутгийг 7 тойрогт хувааж 54 мандат олгосон бол, Улаанбаатар хотыг 6 тойрогт 24 мандат байхаар тогтсон юм

Энэ онд болох УИХ-ын ээлжит сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулахаар тогтсон.  Аймаг орон нутгийг 7 тойрогт хувааж 54 мандат олгосон бол, Улаанбаатар хотыг 6 тойрогт 24 мандат байхаар тогтсон юм. Тэгвэл иргэд олон нийт болоод зарим улс төрчдийн зүгээс хэт олон сонгогчидтой тойрогт бага тооны мандат олгосон нь иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаа явдал төдийгүй шинэ залуу нэр дэвшигчид сонгогдох боломжийг бууруулж байна гэж үзэж байна.

Монгол улсын хөгжлийг нэг төвтэй биш хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангаж, мөнгөний нөлөөлөл, нутаг усны талцлаас ангид байх ёстой гэж үзээд сонгуулийг бүсчилсэн тойрог байгуулахаар болсон. Ингэснээр хөдөө орон нутгийг 7 тойрогт хувааж 54 мандат олгосон бол, Улаанбаатар хотыг 6 тойрог, 24 мандат байхаар тогтсон юм. Харин иргэд олон нийтийн зүгээс сонгогчдын тоотой уялдуулан нэр дэвшигчийн мандатын тоог гаргах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тухайлбал 56 мянган сонгогчтой Хан-Уул дүүрэгт 3 мандат олгосон бол нийт 3 аймгийн 200 мянга орчим сонгогчтой тойрогт 9 мандат олгожээ.

Тэгвэл сонгуулийн тойргийн  мандатыг олгохдоо сонгогчдын тоогоор бус газар нутгийн хэмжээнээс шалтгаалан тогтоох нь чухал гэж судлаачид үзсэн юм байна.

Сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь одоогийн байгаа улс төрчид дахин сонгогдох магадлал өндөр,  шинэ залуу нэр дэвшигчид болоод шинэ намын төлөөллүүд тойрогтоо танигдах  хугацаа хомс  гэж зарим улс төрчдийн төлөөлөл үзэж байгаа юм.