Иргэд утаа, түгжрэл, үйлчилгээний газруудын өндөр өртөг зэрэг асуудлаас шалтгаалж гадаад улс руу аялж байна
Манай улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж зөвхөн гадны жуулчид бус дотоодын аялагчдыг ч идэвхтэй аялуулах бодлого баримталж байгаа. Гэсэн ч бодит байдал дээр манай улсын иргэд гадаад улс орон руу аялахыг илүүд үзэж байна. Учир нь дотоодод аялах нь гадны улс руу аялахаас илүү үнэтэй тусч байна.

Иргэд дулаан улирал буюу 6-8 дугаар сард илүү идэвхтэйгээр дотооддоо аялдаг бол хүйтний улирал буюу 9-р сараас ирэх оны 2-р сар хүртэлх хугацаанд гадны улс руу аялахыг илүүд үздэг байна. Статистик мэдээллээс харахад 2023 оны 9,10,11 дүгээр сард 590 мянга орчим иргэн хилээр гадагш гарсны 70 гаруй хувь нь зөвхөн аялал жуулчлал, хувийн хэргээр гадны улсыг зорьсон байна. Учир нь өвлийн улиралд Монгол улсад аялахад тохиромжгүй, наад зах нь амралтын газруудын өртөг өндөр, хоол, үйлчилгээний чанар хангалтгүй байна. Харин гадны улс руу аялахад тийзийн зардал өндрийг эс тооцвол харьцангуй хямд өртгөөр аялж байна.

Тэгвэл хамгийн ойрын жишээгээр Тэрэлж болон Вьетнам улсын Фукуок аралд нэг хүн 7 хоног аялах зардлыг харьцуулж үзье.

Тэрэлжийн амралтын газрын үнэ нэг өдөрт дунджаар 370 мянга төгрөг байна. 7 хоног амрахад 2 сая 590 мянга болж байна.

Харин Фукуок аралд 3 одтой буудлын үнэ нэг өдөрт 170 мянган төгрөг. 7 хоногоор байрлахад 1 сая 190 мянга болж байна.

Хоолны хувьд Тэрэлжийн амралтын газарт нэг хоол дунджаар 35 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Фукуок аралд 15 мянга төгрөг байна. Өдрийн 3 хоолоор тооцож 7 хоногийн мөнгөн дүнг бодоход Тэрэлжид 735 мянга, Фукуокд 315 мянган төгрөгийг хоолонд зарцуулахаар байна.

Зөвхөн хоол, байрлах байрны зардлыг тооцоход тэрэлжид нэг хүн 7 хоногт 3 сая 325 мянгыг зарцуулж байгаа бол Фукуокт 1 сая 505 мянга буюу 50 хувиар хямд зардлыг хоол, байрны төлбөрт зарцуулж байна.

Тэгвэл дотоодын амралтын газар, жуулчны баазуудын үнэ, өртөг өндөр байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн асуудал байна.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, дотоодын болон гадаадын жуулчдыг татахад хамгийн гол нөлөөлөл нь амралтын газар, жуулчны баазуудын үйлчилгээ, хүртээмж. Асуудлыг оновчтой шийдлээр шийдэж чадахгүй байснаар ирэх жилүүдэд ч мөн их хэмжээний мөнгөн урсгалыг гадны улс руу гаргах төлөвтэй байгааг аялал жуулчлалын салбарынхан хэлж байна.