Монгол улсад интернэт хэрэглэгчийн тоо 3.2 саяд хүрчээ. Мөн давхардсан тоогоор 2.8 сая иргэн Фэйсбүүк хэрэглэдэг гэх судалгаа байна. Тэгвэл үүнийг дагаад цахим залилангийн гэмт хэргийн тоо болоод гэмт хэрэгт өртөх иргэдийн тоо жилээс жилд өссөөр байна. 10 жилийн өмнө л гэхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирол сая төгрөгөөр хэмжигдэж байсан бол өнөөдрийн байдлаар 133 тэрбум төгрөгт хүрчээ.
Зөвхөн 2023 онд цахим орчинд 16 мянга 417 гэмт хэргийг 7142 хүн үйлдэж, 8965 иргэнд 139 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Үүнээс 8294 нь хуурамч хаяг ашигласан байна. Энэ нь дунджаар нэг иргэнд 15.5 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн үг юм. Цахим залилан үйлдэгч гэмт этгээд олон төрлийн аргаар хохирогчийг хохироодог бөгөөд сүүлийн үед тусгай дугаараас иргэний гар утасны дугаар руу олон утга агуулга бүхий МСЖ-ийг линкийн хамт илгээдэг болжээ. Тэрхүү линк дээр дарж орсноор шууд цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй байна.
Цахим залиланд нас, хүйс, шашин шүтлэг, ажил мэргэжил харгалзахгүйгээр хэн ч өртөх эрсдэлтэй бөгөөд иргэд л өөрсдөө сэргийлж чадна гэдгийг цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар манай улсад бүртгэлтэй гурван интернэт “IP” хаяг болгоны нэг нь хар жагсаалтад орсон. Мөн иргэдийн суурь хэрэглээ, ойлголт муу бөгөөд нууц үгийнх нь 47 хувь нь найман тэмдэгтээс бага, 70 гаруй хувийг нь таах боломжтой гэх мэтээр цахим аюулгүй байдалдаа хайнга ханддаг байна. ЦЕГ-аас хуурамч хаяг, цахим гэмт хэрэг үйлдэгчийг илрүүлэх мэргэжлийн тоног төхөөрөмж худалдан авах, мөн мэргэжилтнүүдийг бэлдэхээр ажиллаж байгааг мэдээллээ.