Зөвхөн 10 минутын хугацаанд 1-р сургуулийн урд хэсгийн явган хүний зам дээр 10 гаруй хүн халтирч унажээ

Өвлийн улиралд иргэд замын халтиргаа гулгаанаас шалтгаалан гэмтэж бэртэх, тэр дундаа гавлын яс гэмтэх, тархины цус хуралт үүсэх тохиолдлууд ГССҮТ-д цөөнгүй бүртгэгддэг байна. Хэдийгээр энэ жил давс, бодисын нөөц хангалттай, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ сайн байгаа ч замын халтиргаа гулгаанаас үүдэлтэй иргэдийн гэмтэл бэртлийн тоо буурахгүй хэвээр байна.

10 минутын хугацаанд 1-р сургуулийн урдах явган хүний замаар гарсан 10 гаруй хүн халтирч унаж байна. Энэ бол хотын төвийн хэсэг дэх  халтиргаа гулгаатай нэг л зам. Үүний ард мөстөж тагташсан олон зам талбай бий. Өчигдөр буюу 1-р сарын 9-ний өдөр гэхэд л халтиргаанаас үүдэн гэмтэж бэртсэн 108 хүн ГССҮТ-д ирсэн байна. Харин 11-р сараас хойш нийт 5000 гаруй хүн халтиран гэмтэж бэртжээ.

Нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгаанаас үүдэлтэй автозамын осол аваар гарсаар байгаа. Энэ хэсгийн зам талбайг дүүргүүд өөрсдөө хариуцан ажиллаж байгаа боловч халтиргаа гулгаа хэвээр байна. Тухайлбал, Нарны гүүрний зам орчмын хэсэгт халтиргаа их байгаагаас шалтгаалж автомашин дээшээ өгсөх болон уруудахдаа хий эргэж шарваж байна. Үүнээс шалтгаалж энгийн үеэс илүүтэйгээр тус хэсгийн зам түгжирч байна.

ААН, байгууллага ойр орчмын 50 метрийн зам талбайг өөрсдөө хариуцан цэвэрлэх үүрэгтэй боловч байгууллагуудын гаднах зам талбай мөсөн гулгууртай ижил болсоныг нийслэлийн аль ч хэсгээс харж болохоор байна. Хэрэв тухайн ААН, байгууллагын гадна талбайд иргэн явган зорчих үедээ унаж бэртвэл тухайн байгууллагыг 500.000 төгрөгөөр торгох заалттай байдаг ч өнөөг хүртэл торгуулсан аан байдаггүй.

Нийтийн эзэмшлийн зам талбайг дүүргүүд өөрсдөө хариуцан давс бодисоо цацаж, цасаа цэвэрлэнэ. Харин орон сууцын гаднах талбайн цасыг сөх хариуцаж зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хийдэг буюу тухайн байрны оршин суугчид сөх-дөө шаардлага тавих эрхтэй юм. Үүнээс гадна аан, байгууллага нь 50 метр орчмын зам талбайгаа цэвэрлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй байна.