Одоогийн байдлаар Европ тивийн зарим бүс нутагт, тэр дундаа Скандинавын улс орнуудад агаарын температур унаж, хэт хүйтрээд байна. Энэ он гарсаар Швед болоод Финланд улсад их хэмжээний цас орж, агаарын температур хасах 43 градусыг давж, буурсан нь түүхэн үзүүлэлт болжээ.
Европ тивийн хойд бүс нутагт хүйтний эрч чангарч, цас их хэмжээгээр орсноор улс хооронд болон дотоодын автозамын тээвэр саатан, хүмүүс түгжигдэж, замын хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учирч байна. Хүйтэн агаарын урсгал энэ долоо хоногийг дуустал Скандинавын хойгт зонхилох төлөвтэй байгаа төдийгүй энэ хугацаанд агаарын температур дундаж үзүүлэлтээс доош байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Энэхүү цочир хүйтрэл нь өнгөрсөн оны 12-р сарын дундуур их хэмжээний бороо орсны дараа өргөн уудам нутгийг хамран жавар тогтож, дээр нь цас ихээр орсонтой бас холбоотой гэж цаг уурчид үзэж байна.
Ийнхүү Хойд Европын улс орнууд цочир хүйтрэлтэй тэмцэж байгаа бол Өмнөд Америк тивд эсрэгээрээ халуун агаарын урсгал давлагаалж, хэт халалт үргэлжилсээр байна. Бразилын Рио, Сан Пауло, Алагоас хотуудад агаарын температур 2024 он гарсаар цельсийн нэмэх 40 хүртэл халж, түүхэн дэх хамгийн халуун агаарын урсгалтай нүүр тулж байна. Мөн тэдний хөрш Аргентин улсад ч ер бусын өндөр агаарын температур ноёлж, түүхэн дэх хамгийн дулаахан 1-р сар тохиож байгааг дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийг дэлхийн бөмбөрцгийн Өмнөд, Хойд аль ч бүс нутгийн улс орнууд амсаж байгааг цаг уурчид онцолжээ.