Украины үйлдвэрлэгчид хилийн чанадаас худалдаж авах боломжтой дроныг дотооддоо үйлдвэрлэж байна

Украины үйлдвэрлэгчид нисгэгчгүй сөнөөгч онгоц буюу дроны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. Гэсэн ч тус улсын Засгийн газрын зэр зэвсэг худалдаж авах төсөв нь дрон үйлдвэрлэхэд ашигладаг эд ангийг худалдаж авахад хүрэлцэхгүй байгаа тухай холбогдох албанаас мэдээлжээ.

Өнгөрөгч мягмар гарагт Украины Техник, технологийн сайд болонЕерөнхий сайдын орлогч Михайло Федоров “Дотоодын технологийн компаниуд дроны үйлдвэрлэл рүү эрчимтэй орж, хөгжүүлэлтээ хийж, Засгийн газрын хилийн чанадаас худалдаж авах хэмжээнээс илүү олон тооны нисгэгчгүй сөнөөгч онгоцыг үйлдвэрлэж байгаа.” тухай мэдэгдсэн байна. Үргэлжлүүлэн тэрбээр "Энэ салбар дахь санхүүжилтийг нэмэгдүүлж, зах зээлийг илүү нээлттэй болгох хэрэгтэй. Ингэснээрээ цэвэр өрсөлдөөний үр дүнд үнэ буурч, үйлдвэрлэлийг нутагшуулж, цаашид украины үйлдвэрлэгчид экспортлогч болох бүрэн боломжтой” гэдгийг хэлсэн байна. Бараг хоёр жил орчим үргэлжилж байгаа дайны туршид дайсагнагч талууд нисгэгчгүй сөнөөгч онгоц буюу дроныг өргөнөөр ашиглаж, агаарын довтолгооноос хамгаалах системээс бултах чадвартай зэвсгийг ашиглан давуу тал бий болгох гэж хичээж байгаа юм. Тэгвэл Михайло Федеровын хэлснээр Украинд 200 орчим компани нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж байгаа төдийгүй тэдний 70 нь Украины Засгийн газар, Батлан хамгаалах яаманд дрон нийлүүлэх гэрээг байгуулсан байна.

Үүнээс гадна АНУ тэргүүтэй Өрнөдийн улс орнуудаас илгээж байсан зэр зэвсгийн тусламж саатсаны уршгаар Украин улс агаарын довтолгооноос хамгаалах системийн дагалдах пуужингийн нөөц дууссан байна.

Сүүлийн үед ОХУ-ын зэвсэгт хүчин пуужингийн болон дроны цохилтоо эрчимжүүлж, дайны фронтын шугамаас алс хол Украины баруун бүс нутгийг Львов, Киев зэрэг хотыг онилон агаарын довтолгоо явуулж байна. Украины арми дайсагнагч талын агаарын цохилтыг няцаахын тулд Өрнөдийн улсуудаас илгээсэн тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийлгэх, холбогдох сум хэрэгслийн нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй байна.