Сүүлийн 5 хоногт цана чарганаас унаж бэртсэн 75 хүн яаралтай тусламж авсан байна

Сүүлийн 5 хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нийт 2000 гаруй иргэн халтиргаа гулгаа, цана чарганаас үүдэлтэй яаралтай тусламжийн үйлчилгээ авсан байна. Харин зөвхөн цана чарганаас унаж бэртсэн 75 тохиолдол бүртгэгджээ.

Улс орон даяар сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой иргэд гэр бүл, найз нөхдөөрөө агаарт гарч байгаа. Ингэхдээ олон хүн цугласан газарт, цана чаргаар гулгаж бэртэл гэмтэл авч байгаа тухай эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. Тухайлбал иргэд аюулгүй байдлаа тооцоололгүй стандартын шаардлага хангаагүй хуванцар чаргаар зориулалтын бус газар гулгах болон чарга дээр хүүхдээ суулган автомашинаараа чирэх зэрэг нь бэртэж гэмтэх шалтгаан болж байна.

Энэ мэтчилэн иргэд шаардлага хангаагүй зориулалтын бус чаргаар гулгаж бэртэж гэмтэх тохиолдлууд олноор гарсаар байгаа юм. Энэ сарын 9 гэхэд л Гэмтэл согог судлалын үндэсний төвд 6 иргэн цана чарганаас үүдсэн бэртэл гэмтлээр яаралтай тусламж үйлчилгээг авсан байна. Тэгвэл цана чарганаас үүдэлтэй бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал, тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, аарцаг ясны гэмтэл авсан байна. Ийм төрлийн осол гэмтэл нь насан туршийн өвчин, тархины хүнд гэмтлээр сэхээнд орох ч магадлалтай байна. Ийм төрлийн осол гэмтэл нь насан туршийн өвчин, тархины хүнд гэмтлээр сэхээнд орох ч магадлалтай байна.  Иймд иргэд хэт өндөр, уруу газраас гулгахгүй байх, гулгаж байх үеэрээ гар, хөлөөрөө газар тулахгүй байх, стандартын шаардлага хангасан чаргаар гулгаж аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг ГССҮТ-өөс анхаарууллаа.