БНСУ руу виз мэдүүлэхэд зөвхөн төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Солонгосын виз мэдүүлгийн төвд хандах шаардлагатай

Инфляц, татвар, түгжрэл, утаа, ажлын байрны олдоц зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж гадны улсыг зорих иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг дагаад иргэдийн хүсэл сонирхол дээр дөрөөлөн виз гаргаж өгнө гэх нэрийдлээр залилах, мэхлэх гэмт хэргийн тоо ч нэмэгдэж байна. Ангиллаасаа шалтгаалж хамгийн багадаа 15-60 хоногт гардаг визийг залилагч этгээдүүд ихэнхдээ 2-5 хоногийн дотор гаргаж өгнө гэж амладаг байна.

БНСУ-руу виз мэдүүлэхэд зөвхөн төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Солонгосын виз мэдүүлгийн төвд хандах шаардлагатай

Харин бүртгэлийн хураамжийн хувьд:

  • Оршин суух хугацаа 90 хоног хүртэлх виз: хураамжгүй
  • Оршин суух хугацаа 90 хоногоос дээш виз: 60 USD буюу одоогийн ханшаар 200 мянга төгрөг төлөхөөр байна

Ингэхдээ цахимаар шилжүүлэг хийх боломжгүй тул зөвхөн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлдөг байна. Харин тухайн төлөөлөн гүйцэтгэх газар ажлын хөлс болгож хамгийн ихдээ 100-200 мянган төгрөг виз мэдүүлэгчээс авдаг байна.

Ийнхүү виз мэдүүлсний дараагаар хариу нь 15-60 хоногийн дотор гардаг байна.

Гэтэл залилагч этгээдүүд хурдан хугацаанд гадны улсыг зорих гэсэн иргэдийн хүсэл дээр дөрөөлөн 2-5 хоногт виз гаргана гэж амладаг. Мөн эхэндээ бага мөнгөн дүнтэй төлбөр авдаг ч хугацаа өнгөрөх тутамд нэмж мөнгө авдаг байна.

Мөн виз мэдүүлэх газар албан ёсных мөн эсэхийг зайлшгүй нягтлах шаардлагатай байна. Манай улсад БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх албан ёсны 10 байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мэдээлэл нь БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны цахим хуудаст байршжээ. Хэрэв иргэд ямар нэгэн байдлаар залилуулсан тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай байна.

Нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалж иргэд гадны улсыг зорих хүсэлтэй болж, эргээд залиланд өртөх эрсдэл нь нэмэгдэж байгаа юм.

2023 онд гэмт хэргийн улмаас иргэн болоод хуулийн этгээдэд 449.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагаас нийт хохирлын 47.1 хувийг нь л эргүүлэн төлүүлж чадсан байна. Энэ нь үлдсэн 50 гаруй хувь нь хохирлын мөнгөө эргүүлэн олж авч чаддаггүй гэсэн үг юм.