Лантуун дохио төрийн бус байгууллага болон сайн дурын залуус хамтран жил болгоны шинэ жилээр “Ид шидийн уут” аян зохион байгуулдаг. Өнгөрсөн шинэ жилийн аянд гэрэл зурагчид тэдэнтэй хамтарсан байна. Тэд уг аяны үйл явцад мэдэрсэн мэдрэмж, бодит нөхцөл байдлыг гэрэл зургаар дамжуулан бодитой санал, шийдэл бүхий баримтат гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэжээ.
“Ид шидийн уут” аянаар залуус өвлийн өвгөний хувцас өмсөж хотын захын дүүргийн хүүхдүүдэд бэлэг тараадаг. Тухайн үеэр нийгмийн олон давхарга, янз бүрийн нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалахаар дуугарч, цахим орчинд мэдээллээ түгээдэг байсан. Тэгвэл өнгөрсөн шинэ жилийн үеэр ид шидийн уут аянд гэрэл зурагчид нэгдэж бодит байдлыг камерын хальснаа буулган үзэсгэлэнд дэлгэж байна. Тэд үзэсгэлэнг “Болохсон” нэртэйгээр үзэгчдэд хүргэж байгаа бөгөөд ядуурал, боловсролын эрх тэгш байдлын талаар дуу хоолойгоо хүргэхийг зорьжээ.
Үзэсгэлэнд баримтат гэрэл зургийн Батзориг сан болон, Гудам клубийн 12 гэрэл зурагчны бүтээл дэлгэгдсэн байна.
“Болохсон” үзэсгэлэн нь зөвхөн бодит байдлыг баримтат гэрэл зургаар дамжуулан хүргэхээс гадна, асуудлыг хөндөж шийдлийг олохыг зорьж байгаагаа зохион байгуулагчид илэрхийлж байсан юм. Мөн үзэсгэлэнгийн зургуудаас нийгмийн эмзэг давхарга гэдэг нь зөвхөн уранхай бүрээстэй гэр, хашаа хороогүй айл гэсэн үг биш, гаднаас нь хараад ялгах боломжгүй болсон гэдгийг мэдүүлэхийг зорьжээ.
Нийгмийн олон асуудлыг хөндөж, бодит байдлыг баримтат гэрэл зургаар илэрхийлж байгаа “Болохсон” үзэсгэлэн 1-р сарын 15-ыг дуустал Лхам галерейд үнэ төлбөргүй дэлгэгдэнэ.