Дональд Трамп Цагаан ордны тэргүүн байх үедээ Европын Холбооны улс орнууд гуравдагч талын халдлага, эзлэн түрэмгийлэлд өртсөн тохиолдолд АНУ-ын зүгээс хэзээ ч тусламж, дэмжлэг үзүүлэхгүй гэж хэлж байсан нь ил болжээ. Лхагва гарагт Европын Холбооны гүйцэтгэх засаглалын өндөр дээд албан тушаалтан Доналд Трампын ийнхүү хэлж байсныг олон нийтэд мэдээлсэн байна.
Европын Холбооны дотоод зах зээлийг хариуцдаг Францын Комиссар Тьерри Бретон “Доналд Трамп 2020 оны 1-р сард Давос хотноо болсон дэлхийн эдийн засгийн форумын үеэр Европын Комиссын ерөнхийлөгч Урсула Фон Дер Лейенд хандан дээрх үгсийг хэлж байсныг дурсжээ.
Мөн Тьерри Бретон хэлэлцүүлгийн үеэр Доналд Трампын хурц, олны шүүмжлэлд өртөх магадлалтай мэдэгдлүүдийг дурдсан байна. Францын Комиссарын ил болгосон мэдээлэл нь Жо Байдены сонгуулийн кампанит ажилд дэмжлэг болж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Тэгвэл тухай үед Доналд Трамп “Хэрэв Европ тив халдлагад өртвөл бид хэзээ ч та нарт тусалж, дэмжлэг үзүүлэхгүй, өөрөөр хэлбэл АНУ-ын цэрэг Европ тив газардахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Дашрамд хэлэхэд нато үхсэн, бид энэ эвслээс гарна, бид НАТО-гоос гарна" хэмээн хэлснийг Тьерри Бретон Европын Парламент дахь "Шинэчлэгч Европ" улс төрийн намаас зохион байгуулсан арга хэмжээний үеэр товч тодорхой олон нийтэд мэдээлжээ.
Харин Доналд Трампын тухайн үед хийсэн мэдэгдэл нь Бретоны хэлсэнтэй таарч байна уу гэсэн асуултад Европын Комиссын тэргүүн Урсула Фон Дер Лейен хариулт өгөхөөс татгалзсан байна. Урсул Фон Дер Лейений ажлын албанаас “Зарчмын хувьд хаалттай уулзалтын үеийн мэдэгдлийг европын комисс ил гаргах болон баталгаа өгөх боломжгүй” хэмээн хариу тайлбар өгчээ.
Доналд Трамп Европын Холбооны албан тушаалтны ил болгосон мэдээлэлд тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна. Д.Трамп засаглалынхаа он жилүүдэд эртний холбоотон, түншүүдтэйгээ уламжлалт худалдаа, батлан хамгаалах салбарын зардлын асуудлаар удаа дараа зөрчилдөж байсан. Д.Трамп энэ жил АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол Украины дайныг 24 цагийн дотор дуусгаж, хүчирхэг америкийн дахин сэргээн босгохоо амлаад байгаа юм. Харин түүний сонгуулийн кампанит ажил, гадаад бодлогын төсөөлөл нь Европын түншүүдэд нь түгшүүр төрүүлээд байна.