БНХАУ-ын дарга Ши Жиньпин бараг дөчин жилийн өмнө Сан-Франциско хотод анх уулзаж байсан АНУ-ын иргэн, нэгэн эмэгтэйгээс түүнд хаягласан захидалд хариу зурвас илгээсэн байна. Ши Жиньпин хариу захидалдаа Хятад-Америк хоёр улсын харилцаа тогтвортой байхыг дэлхий нийт шаардаж байгаа тухай өгүүлжээ.
Сүүлийн жилүүдэд худалдааны дайн болон бусад олон асуудал, түүний дотор “Ковид-19”-ийн халдварын гарал үүсэлтэй холбогдуулан хоёр улсын харилцаа хөндийрсөн юм.
Өнгөрсөн оны 11-р сард Сан-Франциско хотноо АНУ-ын ерөнхийлөгч Жо, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хэлэлцээ хийснээс хойш хоёр улс хоорондын харилцаа холбоонд ахиц дэвшил гарсан хэдий ч Бээжингийн өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн зарладаг ардчилсан засаглалтай Тайванийн асуудал нь Өрнө-Дорно хоёрын харилцаанд тулгамдаж байгаа сорилт хэвээр байна. Мөн ирэх Бямба гарагт тус арлын засаг захиргаа шинэ удирдагч, тэргүүнээ тодруулах гэж байгаа юм.
Тэгвэл Ши Жиньпин бараг 40 орчим жилийн өмнө буюу 1985 онд Сан Франциско хотод уулзаж байсан Сара Ландэ хэмээх эмэгтэйд илгээсэн хариу захидалдаа "Хятад, Америк хоёр улс нь дэлхийн хамгийн том хөгжингүй улс орнууд бөгөөд манай гаргийн ирээдүй, хувь заяа нь биднээс харилцаагаа илүү тогтвортой, илүү нягт байлгахыг шаардаж байна” хэмээн бичсэнийг Хятадын дотоодын хэвлэлүүд мэдээлжээ. Цаашилбал Ши Жиньпин ""Нөхөрлөлийн үрийг үргэлжлүүлэн тарьж, Хятад, Америкийн ард түмний найрамдалт харилцаанд хамтран хувь нэмрээ оруулцгаая” хэмээн бичжээ.
Тухайн үед 31 настай байсан Ши Жиньпин Хятад улсын хойд бүс нутгийн Хэбэй мужийг төлөөлөн АНУ-ын хүнсний үйлдвэрүүдэд зочилж, туршлага солилцож, мэдээлэл авахаар Айова мужид зорчих үедээ Сара Ландэ хэмээх эмэгтэйтэй танилцаж байжээ. 2012 онд тэд Маскатин хотод, харин өнгөрсөн оны 11-р сар Сан-Франциско хотод дахин уулзаж, хууч хөөрч, оройн зоог хүртсэн гэж БНХАУ-ын төрийн зөвлөлийн мэдэгдэлд дурдсан байна.