Хуулийн төсөл дээр УИХ, ЗГ-ын гишүүдийн байр суурь зөрүүтэй байгааг харгалзаж УИХ-ын дарга Г.Занданшатар түр завсарлага авахыг зөвшөөрчээ

Өчигдөр УИХ-ын ээлжит Чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулах товтой байлаа. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс гурав хоног завсарлах хүсэлт гаргасан байна. Тиймээс хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр УИХ, ЗГ-ын гишүүдийн байр суурь зөрүүтэй байгааг харгалзаж УИХ-ын дарга Г.Занданшатар түр завсарлага авахыг зөвшөөрчээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчид 100 хүртэл жилээр газар эзэмшүүлнэ  гэж 2013 онд тусгаж байжээ. Тэгвэл одоогийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 16.1.1-д  газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулна гэж өөрчлөлт оруулжээ. Мөн  уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгана гэж заасан. Түүнчлэн 16.1.5.-д заасан зүйл заалтад монгол улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг олгох мөн гадаадын хөрөнгө оруулагчдад тавих 100 мянган америк долларын босгыг хүчингүй болгох зэрэг зүйл заалтуудыг тусгасан байна. Хуулийн шинэчилсэн найруулгын эдгээр зүйл заалтуудын талаар  УИХ-ын гишүүд болоод Засгийн газрын гишүүдийн байр суурь зөрүүтэй байгаа юм. Иймд УИХ-ын Чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг 3 хоногийн хугацаанд хойшлууллаа.

УИХ-ын гишүүн болоод бизнесийн байгууллагын зарим төлөөллүүд уг хуулийн төслийг сайжруулж, дахин хэлэлцэх шаардлагатай хэд хэдэн заалт бий, хуулийн төсөл  батлагдсанаар  эдийн засаг, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг онцолж байна.