"Монголын сайхан бичигтэн“ улсын уралдаан 27 дахь жилдээ зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Үндэсний хэл бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус уралдаанд 1650 орчим оролцогч бүтээлээ ирүүлжээ. Мөн уг уралдаан энэ жил анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж, ӨМӨЗО, Япон, Чех улсын оролцогчид бүтээлээ ирүүлсэн байна.

Дэлхийн улс үндэстэн, ястан угсаатнууд түүхийн явцад олон бичиг үсгийг хэрэглэж ирсэн. Эдгээр нь гээгдэж, мартагдаж, сэргээн шинэчлэгдэж ирсэн ч Монгол бичиг нь хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа хамгийн эртний түүхэн бичиг үсэгт тооцогддог. Монголчуудын соёлын үнэт өв, үндэсний дархлаа болох хэл бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд энэ жил 1650 оролцогч оролцож, найман ангилалд шилдгүүдийг тодрууллаа. 27 жилийн түүхтэй энэхүү улсын уралдаан энэ жил анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан юм. Өвөрмонгол, Чех, Япон улсын иргэд Монгол бичгээр бичсэн бүтээлээ ирүүлснээс япон улсын иргэн Имазеки Тошико “Чингис хааны энхтайвны бодлого” эссэгээр тэргүүн байр эзэлсэн бол Шимамуро Шо тусгай байр эзэлжээ. Шимамуро Шо нь Монгол улсад 18 жил амьдарч байгаа бөгөөд тус тэмцээнд 3 дахь удаагаа оролцож байна.

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 8 ангилалд шилдгүүдийг тодруулснаас 1-7-р ангийн сурагчдын ангилалд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБС-ийн суралцагч тэргүүн байр эзэлжээ.

Тус улсын уралдаан зөвхөн сайхан бичигтнүүдийг шалгаруулахаас гадна Монгол бичиг ашигласан бичвэрийн бус бүтээлийг хүлээн авдаг. Энэ ангилалд завхан аймгийн сурагч монголжингоо зүү ороох оёдол ашиглан Монгол бичгээр бичсэн бүтээлээрээ тэргүүнд байрт шалгарчээ.

Монголын бичигтэн уралдааны хамгийн ахмад оролцогч нь 101 настай буурай байсан бол хамгийн балчир нь 7 настай сурагч байна. Мөн энэ анх удаа эмэгтэйчүүдийн хорих ангиас бүтээл хүлээн авчээ.

Үндэсний соёл-Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилготой тус уралдааныг 1997 оноос хойш үндэсний мэдээллийн Монцамэ агентлаг зохион байгуулж, БШУЯ, Соёлын яам дэмжин хамтран ажилладаг байна.