Нэг тойргийн сонгогч саналын хуудаст дор хаяж 10 нэр дэвшигчийн нэр дугуйлах шаардлага үүснэ

Энэ жил УИХ-ын ээлжит сонгуулиар анх удаа 76 бус 126 гишүүн сонгогдож Парламентын танхимд суух болно. Сонгуулийн тойргийг томсгож байгаа тул саналын хуудаст дунджаар 30-40 нэр дэвшигчийн нэр бичигдэхээр байна. Тиймээс сонгогчид олон нэр дэвшигчийн дундаас хариуцлагатай, оновчтой сонголт хийхийн тулд саналын хуудсыг зөв бөглөх шаардлага үүсэж байна.

Өнгөрсөн оны 12-р сард УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоол батлагдсан. Сонгууль болохоос ердөө 6 сарын өмнө батлагдсан тус тогтоолоор сонгогчид саналын хуудсыг бөглөхдөө илүү хариуцлагатай хандах шаардлага үүсэж байна. Энэ оны сонгуулийн тойргийг томсгож:

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог
  • Говь-Сүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог

Харин нийслэлд:

  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцжээ.

Ийнхүү тойргийг томсгосноор сонгогчдын саналын хуудаст дугуйлах сонголт ихсэж байгаа юм. Тухайлбал, 10 мандаттай тойрогт саналын хуудаст дор хаяж 50 гаруй нэр дэвшигчийн нэрс байх бөгөөд сонгогч тэр дундаас 10 нэр дэвшигчийг сонгох шаардлагатай байна. Хэрэв илүү эсвэл дутуу бөглөсөн тохиолдолд сонгогчийн санал шууд хүчингүйд тооцогдох хуулийн зохицуулалттай.

Сонгогчид саналын хуудсыг буруу бөглөсөн тохиолдолд нэг л удаа дахин авах эрхтэй. Тиймээс хариуцлагатай үүрэг ногдож байгаа энэ үед улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, Сонгуулийн Ерөнхий хороо зэрэг олон талт байгууллагууд зайлшгүй идэвх гаргаж сонгогчдын боловсролд анхаарах шаардлагатай байна.

Сонгогчдод бүх талаар ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэл өгч сонгогчийн боловсролыг дээшлүүлэх нь сонгуулийг зардал багатай, цаг хугацаа хэмнэн явуулахад эерэг нөлөөтэй байна. Мөн сонгогчдын боловсрол сайн байх тусам сонгуулийн ирц бүрэн байдгийг олон улсын судалгаанд дурджээ.