Иргэд газраа чөлөөлж өгөхдөө хууль эрх зүйн хамгаалалт болох гэрээгээ сайтар судлах хэрэгтэй

Одоогоос 10 гаруй жилийн өмнө гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөлд хамрагдсан ч одоог хүртэл газар ч үгүй, байр ч үгүй хохирсон олон хүн байна. Одоогоор хэчнээн хүн ямар байдлаар хохирсон талаарх нарийн судалгаа байхгүй ч тухайн үедээ газар чөлөөлөлтөд орж шууд хохирол амссан гэх 500 орчим өрх байгаа юм байна. Тэгвэл тэдгээр хохирсон иргэдтэй хотын дарга ирэх долоо хоногт уулзалт хийж, хохирлыг нь нөхөн барагдуулах, орон сууцанд оруулах талаар санал солилцохоор болжээ.

2018 онд П.Давааням нь БГД-ийн 1-р хорооны Вокзалын хойд талд “Давхарын 10-р байр”-д амьдардаг байжээ. Тухайн үед түүний амьдарч байсан байрыг дахин төлөвлөлтөд оруулна гэж албадан нүүлгэсэн байна. Гэвч тэрээр газраа чөлөөлж өгсөн ч өнөөдөр тухайн төлөвлөсөн газартаа байранд орж чадаагүй үлджээ.

Иргэн газраа чөлөөлсний дараа хотын дарга солигдох эсвэл тухайн хэсэг нь дахин төлөвлөлтдөө ороогүй тохиолдолд тухайн иргэн хохирлоо барагдуулахаар шүүхэд ханддаг боловч иргэн өөрөө байшингаа нураасан гэсэн үндэслэлээр хохирлыг нь барагдуулж өгдөггүй байна. Тиймээс иргэд газраа чөлөөлж өгөх гэж байгаа бол хууль эрх зүйн хамгаалалт болох гэрээгээ сайтар судалж байж байгуулах хэрэгтэй юм.

Баянзүрх дүүргийн 4, 8, 12 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Сансар хотхоны оршин суугчид зэрэг Нийслэлийн 7 га орчим газрыг дахин төлөвлөлтөд оруулна гэж иргэдийг хохироосон түүх байдаг. Тэгвэл эдгээр иргэдийн хохирлыг барагдуулах асуудлаар ирэх долоо хоногт хотын дарга уулзалт хийх юм байна.

Энэ хавраас эхлэн Сэлбэ, Баянхошуу орчмын газрыг дахин төлөвлөлтөд оруулж, иргэдийг орон сууцжуулахаар байгаа. Тодруулж хэлбэл, 4, 5-сараас эхлэн Сэлбэ орчмын айл өрхийн газар чөлөөлөлтийг хийлгүүлж, 12.000 айлын орон сууцыг эхлүүлэхээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд газраа чөлөөлж хохирсон иргэдтэй ижил байдлаар хохирох эрсдэл ч Нийслэлийн иргэдийн өмнө үүсэж магадгүй. Тиймээс иргэд газраа чөлөөлөхдөө хууль эрх зүйн хамгаалал, гэрээ зэргээ сайтар судлах хэрэгтэй юм.