ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Ковид-19” цар тахлын дэгдэлт эргэн өргөн хүрээг хамарч эхэлснийг мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн 12-р сард “Ковид-19”-ийн халдварын уршгаар 10 мянга гаруй хүн нас барсан төдийгүй эмнэлэг, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэнийг анхааруулсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэн, судлаачид өнгөрсөн сард дэлхий даяар баярын цугларалт тохиосон нь амьсгалын замын халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлснийг онцолжээ. Мөн эрдэмтэд “Ковид-19” нь дэлхийн эрүүл мэндийн онцгой байдлын асуудал байхаа больсон гэж үзэж болох хэдий ч вирус мутацид орж, өөрчлөгдөн, шинэ хувилбарууд бүртгэгдсээр байгааг хэлсэн байна.
12-р сард амьсгалын замын халдварт өвчин, тэр дундаа “Ковид-19”-ийн халдвараар өвдөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн тоо хэмжээг өмнөх 11-р сарын тоон үзүүлэлттэй харьцуулахад бараг 50 хувиар өссөн байна. Тус байгууллага дэлхийн 50 гаруй орны судалгаа, тоон мэдээлэлд үндэслэн дээрх мэдээллийг өгчээ.
Гэвч зарим улс орнуудын эрүүл мэндийн байгууллага “Ковид-19”-ийн халдвартай холбоотой тоон мэдээллийг тусгайлан хөтлөхөө больсон нь асуудал бий болгож байгааг эрдэмтэд хэлж байна. Хамгийн сүүлд “Ковид-19”-ийн халдварын JN1 дэд хувилбарын тархалт дэлхий дахинд өндөр тархаж байгаа юм. Уг шинэ дэд хувилбар нь вакцин хийлгэсэн болон эсрэг биет үүссэн хүмүүст хүртэл хүрч, халдварлуулж байгаа тухай ДЭМБ-аас анхааруулж байна.