Улирал тутам нийтлэгддэг дэлхийн хамгийн хүчирхэг паспорт бүхий улс орнуудын жагсаалтын тэргүүлэгчдийн эгнээнд урьд өмнө нь харагдаж үзэгдээгүй зургаан улс дэвшиж орж ирсэн байна. Франц, Герман, Итали, Япон, Сингапур, Испани зэрэг улсын иргэд дэлхийн 194 улс орон, бүс нутагт визгүй зорчих боломжтой гэдгээрээ уг жагсаалтыг тэргүүлснийг оршин суух эрхийн зөвлөгөө үзүүлэгч “Henley & Partners” компаниас мэдээлжээ.
Ази тивийн Япон, Сингапур хоёр улс сүүлийн таван жил тэргүүн байрт нэрлэгдэж байсан ч 2024 он гарсаар Герман, Испани, Франц зэрэг Европын гурван улс байр ахиж тэргүүлэгчдийн эгнээнд нэгдсэн байна.
Дэд байрт Финланд, Швед улсын хамтаар Өмнөд Солонгос байр ахин нэрлэгдсэн бол гуравдугаарт Австри, Дани, Ирланд, Нидерланд улсуудын паспортууд эрэмбэлэгджээ. Мөн Бельги, Люксембург, Норвег, Португал, Их Британи 4-р байрт, Швейцар улс 5-р байрт тус тус жагссан байна. Түүнчлэн Австрали, Шинэ Зеланд хоёр улс зэрэглэлээ ахиулж чадсан бөгөөд Чех, Польш улсуудтай хамт 6-т байрт жагсжээ. Тэгвэл АНУ, Канад улсууд хоёр байр ухарч, 188 улс бүс нутагт визгүй зорчих эрхтэй гэдгээрээ Унгар улстай зэрэгцэн 7-р байрт бичигдэж байна. Харин хамгийн том үсрэлтийг Арабын Нэгдсэн Эмират улс харуулсан буюу сүүлийн 10 жилд буюу 2014 оноос хойш 106 улс орны цагаан жагсаалтад багтаж, визгүй зорчих эрх олж авч чаджээ. Саяхан тэд Монгол, Индонез зэрэг ази тивийн улсуудтай харилцан визгүй зорчих зөвшилцөлд хүрсэн байна.
Харин Афганистан, Сири, Пакистан зэрэг улсуудын иргэд 28 орон, бүс нутагт визгүй зорчих эрхийг эдэлдэг гэдгээрээ жагсаалтын сүүл мушгижээ. Мөн шинэчилсэн мэдээллээр Монгол улс паспортын чансаагаар 200 гаруй улсуудын дундаас 63 улсад визгүй зорчих эрхтэйгээр 79-р байрт эрэмбэлэгдэж байна.
Паспортын чансаа нь хамгийн ихээр буурсан, суларсан улс орнуудыг ОХУ тэргүүлжээ. Оросын паспорттой хүмүүс 2014 оноос хойш 13 байр ухарч 51-т эрэмбэлэгдэж байна.
2006 онд хамгийн хүчирхэг паспорттой улс орнуудын иргэд ердөө 50 орчим улс, бүс нутагт визгүй зорчдог байсан үетэй харьцуулахад өдгөө тэрхүү чиг хандлага өөрчлөгдсөнийг оршин суух эрхийн зөвлөгөө үзүүлэгч “Henley & Partners” олон улсын тэргүүлэх байгууллагаас онцолжээ.
Уг индексийг НҮБ-ын гишүүн 193 улс болон Тайвань, Макао, Хонг Конг, Косово зэрэг бүс нутаг, нутаг дэвсгэрт ашиглагддаг паспортыг харгалзан үзсэний үндсэн дээр боловсруулсан байна.