Өнгөрсөн 7 хоногт манай улсад шинээр 50 автобус орж ирсэн. Мөн 2-р сар гэхэд нийт 600 автобусыг шинээр оруулж ирэхээр төлөвлөж байна. Түүнчлэн автобусны парк шинэчлэлийн хүрээнд нийтийн тээврийн чиглэлийг энэ сарын 20-ний өдрөөс эхлэн өөрчилж байгаа буюу богино эргэлтийн автобусыг нэмэгдүүлэх юм байна.
Үндсэн 6 уртын чиглэл байгаа бөгөөд 375 автобус эдгээр чиглэлд үйлчилгээнд явна. Үүнд:
- М:1 буюу эхний үндсэн чиглэл нь 5 Шар-Офицеруудын ордон
- М:2 Зунжин- Сүхбаатарын талбай
- М:3 Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай
- М:4 Гэмтлийн эмнэлэг-lll, lV хороолол- Шархад
- М:5 Ботаник- 10-р хороолол
- М:6 ТЭЦ 3- Шинэ 100 айл чиглэлд тус тус явах юм байна.
Эдгээр 6 үндсэн чиглэлийг хооронд нь холбож 8 тойрог чиглэлд богино эргэлтийн нийт 74 автобус явна. Мөн бусад гудамж замаар дайран өнгөрөх 494 автобус байгаа юм. Ерөнхийдөө одоо явж байгаа 900 гаруй автобусны 500 гаруй автобус нь богино чиглэлд харин үлдсэн 370 гаруй автобус нь уртын чиглэлд явна гэсэн үг юм.
Автобусны чиглэлийг шинэчлэхээс гадна үнэ тарифт өөрчлөлт оруулна. Тухайлбал, нэг өдрийн турш иргэд 1000 төгрөгөөр 4 удаа үнэгүй зорчих талаар төлөвлөж байна. Мөн одоогоор үнэгүй зорчдог иргэд буюу ахмадууд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өдөрт 4 удаа үнэгүй зорчдог болгож хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байна.
Ийнхүү нийтийн тээврийн чиглэл 1-р сарын 20-оос эхлэн үе шаттайгаар бүхэлдээ өөрчлөгдөж, зорчих үнэ тариф ч шинэчлэгдэж байгаа юм. Мөн 2-р сар гэхэд 600 автобус шинээр орж ирж байгаа юм.
Мөн нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөх хүрээнд УБ хотын захын хорооллуудаар дунд оврын 20 гаруй автобус явуулах юм байна. Ийнхүү нийтийн тээврийн салбарт бүрэн шинэчлэл хийж байгаа бөгөөд цаашид тухайн салбарыг алдагдалгүй ажиллуулах талаар хотын дарга мэдээлж байсан юм. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын орлогоороо шинэ автобус худалдан авах зарчмаар явах юм байна.