Энэ жил зудын эрсдэл гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд болохоор байна гэж малчид ярьж байна. Энэ нөхцөл байдал нь зөвхөн малчид, тариаланчдын асуудал биш, эдийн засгийн голлох салбар болох хөдөө аж ахуйн салбартай, тэр дундаа хүн амын хүнсний хангамжийн асуудалтай мөн холбоотой юм. Тиймээс энэ асуудлаар УОК-ын шуурхай штабаас Монголд суугаа Гадаадын элчин сайдын яамд болон ОУ-ын байгууллагын удирдлагуудад танилцууллаа.
- Энэ жилийн цас зудын нөхцөл байдал сүүлийн 10-20 жилийн хугацаанд тохиолдоогүй байна. Нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, 70 гаруй хувь нь зудын нэн эрсдэлтэй гэж үнэлэгдээд байна.
- Тэгвэл өвөлжилт хүндэрсэн энэ нөхцөлд малын хивэг, тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй олгож байна.
- Мөн малын тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулж, нэмэгдүүлэх хүрээнд хивэг, тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал зогсоохоор ЗГ-аас шийдвэрлэсэн нь үүсээд байгаа нөхцөл байдалд дэм болж байгаа юм.
- Үүнээс гадна малчдын бэлтгэсэн махыг зах зээлийн эргэлтэд оруулах зорилгоор мах бэлтгэх аж ахуйн нэгжид 100 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгоход шаардагдах хөрөнгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх болсон юм.
УОК-ын шуурхай штабаас Монголд суугаа Гадаадын элчин сайдын яамд болон олон улсын байгууллагын удирдлагуудад зудын нөхцөл байдал болон малчдад тулгарсан асуудлын талаар танилцууллаа. Уулзалтын хүрээнд цаашид дотоод нөөц боломжоороо шийдэж чадахгүй асуудлыг олон улсын байгууллагын тусламжтайгаар шийдвэрлэх гарц гаргалгааны талаар санал солилцсон юм.
Энэ жилийн хувьд зудын нөхцөл байдал эрт эхэлсэн бөгөөд цаашид хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Одоогоор Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Архангай, Өмнөговь, Дорнодын зарим нутгаар зудын нэн их эрсдэлтэй байна.