ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева бодлого боловсруулагчид нийгмийн хурцадмал байдлыг улам даамжруулах технологийн шийдлээс татгалзах, урьдчилан сэргийлэх, уг чиг хандлагыг хэрхэн зохицуулах талаар шийдвэрт хүрэх ёстойг хэлсэн байна.
Хиймэл оюун ухааны хурдацтай тархалт нь түүний ашиг тус болоод эрсдэл олны анхаарлын төвд байгааг илтгэж байна. Хиймэл оюун ухаан нь өндөр хөгжилтэй орнуудын нийт ажлын байрын 60 орчим хувийг эзэлнэ гэж ОУВС-аас мэдэгджээ. Өндөр хөгжилтэй улс орнуудад хиймэл оюун ухаан, хөдөлмөр эрхлэгч хоёрыг нэгтгэснээр үр шимийг нь хүртэх боломжтой төдийгүй энэ нь тэдний бүтээмжийг улам бүр нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Нөгөөтээгүүр хиймэл оюун ухаан хөдөлмөрийн зах зээлд нэвтэрснээр ажиллах хүчний эрэлтийг бууруулж, дундаж цалин хөлсний үнэлгээнд сөргөөр нөлөөлж, цаашдаа хүний оролцоотой ажлын байрыг бүрмөсөн устгаж ч болзошгүй байна.
Үүний зэрэгцээ уг технологийн шийдэл нь орлого багатай улс орнуудын ажлын байрны дөнгөж 20 орчим хувьд л нөлөөлнө гэж тооцоолсныг ОУВС-гийн тэргүүн К.Георгиева уламжилжээ. Тэрээр "Эдгээр улс орнуудын ихэнх нь хиймэл оюун ухааны ашиг тусыг ашиглах дэд бүтэц, чадварлаг ажиллах хүчингүй байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам уг технологи нь улс орнуудын нийгмийн тэгш бус байдлыг улам дордуулж болзошгүй эрсдэлийг нэмэгдүүлнэ. Нийгмийн хөгжлийн зөрүүтэй байдлын хохирогч нь хүн төрөлхтөн” хэмээн ярьсан байна.
Ерөнхийдөө өндөр орлоготой, хөгжингүй улс орнууд хиймэл оюун ухаан нэвтрүүлсний дараагаар цалин хөлс нь харьцангуй өсөх хандлагатай байгаа бол орлого багатай болон хүн ам зүйн хувьд насжилт өндөр улс орнуудад энэ шийдэл тэгш бус байдлыг туйлд нь хүргэнэ гэж ОУВС-гийн мэргэжилтнүүд тооцоолжээ. "Улс орнууд нийгмийн хамгааллын иж бүрэн сүлжээ, тогтолцоог бий болгож, эмзэг бүлгийн ажилчдыг давтан сургах хөтөлбөрүүдийг санал болгох нь маш чухал" гэж тэд үзэж байна. "Ингэснээр бид хиймэл оюун ухааны шилжилтийг илүү хүртээмжтэй болгож, иргэдийн амьжиргааг хамгаалж, тэгш бус байдлыг таслан зогсоож чадна” хэмээн ОУВС-ийн тэргүүн К.Георгиева хэлжээ.